Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын нэгдсэн чуулганд /2020.04.10/ мэдээлэл хийсэн юм. Уг мэдээлэлдээ: 2020 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар манай улсад зөөвөрлөн ирсэн 16 тохиолдол илэрсэн 4 иргэнийг манай эмч нар амжилттай эмчлэн эдгээснийг онцлон тэмдэглэе.
КОВИД-19 халдварт өвчний үед иргэдэд төрөөс үзүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, нийгмийн хамгааллын чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүнд:
– Өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх замаар хүүхдүүдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4, 5, 6 дугаар сард 30000 төгрөг болгох;
– 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх;
– Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажиллагсдад ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлж байна. Дээрх арга хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд хамрагдах боломжтой юм.
КОВИД-19халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд 5 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй болон өрх толгойлсон алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ажлын цагийг богиносгож 15:30 цаг, бусад эмэгтэй алба хаагчид 17:30 цаг, эрэгтэй алба хаагчид 18:00 цаг хүртэл ажиллахаар журамласан ба 0-5 насны хүүхэдтэй 75 эмэгтэй албан хаагч тушаалын хүрээнд богиносгосон цагаар ажилласан.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631,900,000 сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгоно. Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд орно.
2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4,367 хүнийг тусгаарласан байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлагдсан иргэдэд 2800-3200 ккал илчлэгтэй хоол хүнсээр өдөрт 3 удаа үйлчилж байгаа бөгөөд хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа.
9 захиалгат нислэгээр БНХАУ-ын Ухань хотоос 31, БНСУ-аас 766, ОХУ-аас 231, Япон улсаас 519, БНТурк Улсаас 252, Катар улсаас 43, татан авсан нийт 1842 иргэнийг Буянт-Ухаа боомтоор улсын хилээр хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлсэн.
2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89, бусад 4413 байна.
КОВИД-19 халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын7 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр багц арга хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувь буюу 5.1 их наяд төгрөг болно. Үүнд:
1. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд НДШ-ээс ААНБ -уудыг бүрэн тэглэлээ. 26 хувийн татвар тэглэсэн.
2. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. Бүрэн чөлөөллөө.
3. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААНБ-ын үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй.
4. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн ААНБ-ын ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. НДШ-ээ төлж байгаа, ажилчдынхаа орон тоог цомхотгоогүй ААНБ үүнд хамрагдана. НДЕГ дээр НДШ төлдөг байгууллагуудын мэдээлэл дээр үндэслэж дээрх мөнгийг олгоно.
5. Малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгоно. Хүүгийн зөрүүг Засгийн газар даана.
6. 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 000 төгрөг дээр нэмж 10 000 төгрөг 3 сарын турш олгоно.
7. Дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн шатахууны литр тутамд 300-400 төгрөгийн хямдрал үзүүлж буулгах ажлыг хэрэгжүүлнэ.
Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэг үзэгдэл ихсэх хандлагатай байгаад бүх түвшинд дүгнэлт хийж анхааръя. Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна. Хөл хөдөлгөөн ихсэхийг КОВИД-19 халдварын цар тахал огт анддаггүй нь дэлхийн улсуудын сургамжаас харагдаж байна. Хятад хаврын баяраа өргөн тэмдэглэснээс, Солонгос сүмийн цугларалтаас, Иран өдөрт хэдэн удаа үйлддэг мөргөлийн ёс заншлаас, Итали Миланд болдог олон улсын загварын үзэсгэлэн шоу зохион байгуулснаас, Америк ердийн нэг томуу хэмээн тайвширснаас, Франц, Герман, Англи зэрэг орон урьдчилан сэргийлэх ажлыг дутуу үнэлснээс хяналтаа алдсан будсын гашуун сургамжийг бид байнга санаж, сэрэмжтэй явах учиртайг нийт иргэддээ сануулъя. Иймд манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр “Дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэй”, “Маскаа зүүцгээе” аянд нэгдэн, идэвхтэй ажиллахыг олон түмнийг дагуулах хүчирхэг хэрэгсэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч нарт уриалж байх, эмх цэгц, дэг журам хариуцлагыг сануулах талуудыг буулгаж хэрхэвч болохгүй. Энэ бол монголчууд бүгдээр эрүүл эсэн мэнд явах арга мөн гэдгийг эцэст сануулъя. Иргэд зайнаас харьцах, төр хувийн хэвшлийн аль ч байгууллага, худалдаа үйлчилгээний газрууд маскгүй хүнд үйлчлэхээ бүр мөсөн болих. Гудамжны эргүүлийн тоог нэмэх. Гудамж талбайд иргэд бие биедээ хатуу шаардлага тавьж хэвших. Залуус олноороо цугларсан газруудад шуурхай хүрч зохицуулах, тараах. Зохион байгуулсан этгээдэд шийтгэл оногдуулах арга хэмжээг төрийн байгууллагууд цаг алдалгүй авч байх шаардлагатай байна. Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдэлийг хохирол багатай даван туулах болно хэмээн онцоллоо.