Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ “Тавантолгойн цахилгаан станцыг барих чиглэлээр бэлэн боловсруулагдаад байгаа ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо. Станцын хөрөнгө оруулалт “Оюутолгой” компанийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна. Хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө. “Оюутолгой” компани 2015-2019 оны хооронд 569.4 сая долларын эрчим хүчийг БНХАУ-аас авсан. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ” гэлээ.
“Оюу толгой” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш шийдлээ хүлээж байсан хамгийн чухал асуудлыг энэ Засгийн газар шийдлээ. Тавантолгойн коксжих нүүрсийг түшиглэж цахилгаан станц бариад авах нь улс орны эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Урд хөршөөс өндөр үнэтэй цахилгаан импортлох биш өөрсдийн хөрөнгө оруулалтаар, өөрсдийн гэсэн цахилгааны эх үүсвэртэй болно гэдэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний тэргүүлсэн Засгийн газрын дэвшүүлсэн эрчим хүчний хараат байдлаас гарах зорилтын хүрээнд хийгдэх нэгэн том алхам юм.
Д.Дорж