Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд илэрсэн коронавирусний халдварын шинж тэмдгүүд “хүндэрсэн” тул эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн гэж түүний ажлын албанаас мэдээллээ.
Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Б.Жонсон эмч нарынхаа зөвлөгөөний дагуу уг тасаг руу шилжсэн бөгөөд сайн эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Ерөнхий сайд өөрийн үүргийг “шаардлагатай тохиолдолд” түр орлон гүйцэтгэхийг Гадаад хэргийн сайд Доминик Раабаас хүссэн байна.
Өдгөө 55 настай Б.Жонсонд халдварын шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байсан тул Лондон хотын эмнэлэгт өнгөрсөн ням гарагт хүргэгдсэн юм. Хатан хаан Ерөнхий сайдын биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа гэж Букингемийн ордноос мэдээлжээ.
“BBC” сувгийн улс төрийн сурвалжлагчийн мэдээлснээр, Б.Жонсоныг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэхийн өмнө даваа гаргийн орой хүчилтөрөгчөөр хангасан хэдий ч хиймэл амьсгалын аппарат залгаагүй байна.
“Ерөнхий сайдын ард маш хүчирхэг баг бий” гэж Д.Рааб хэлээд, би болон миний хамтран ажиллагсад Б.Жонсоны өгсөн чиглэлийн дагуу төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Америкийн бүх иргэн Б.Жонсоныг эдгэрээсэй хэмээн залбирч байна хэмээгээд, түүнийг өөрийнхөө маш сайн найз хэмээн тэмдэглэсэн байна.
Б.Жонсоны коронавирусний шинжилгээний хариу 10 хоногийн өмнө эерэг гарсан бөгөөд түүнд өндөр халуурах, ханиах шинж тэмдэг илэрч байгаа аж. Даваа гаргийн өглөө тэрбээр биеийн байдал сайн байгаа талаараа “Twitter” хуудсандаа нийтэлсэн байжээ.
Их Британид коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 439-өөр нэмэгдэж, 5373 болсон бол халдвар авсан хүний тоо 51 мянга давсан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.