Сүхбаатарын талбайн урд хэсгийг хувийн эзэмшилд өгөөд байсныг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын захирагч С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөсөн байгаа юм. Гэтэл үүнийг эсэргүүцэж 3.2 тэрбум төгрөгийн үр ашиггүй зүйл зарцуулах гэж байна гэдэг ойлголтыг нийгэмд хүчтэй цацаж эхэллээ. Нэг ёсондоо асуудалд улстөрийн агуулгаар хандаж, бүтээн байгуулалтын ажлыг өөр өнцгөөс мушгин тайлбарлаж байна гэсэн үг. Улаанбаатар бол улсын нийслэл. Нийслэлийн төв талбайгаас хэсэгхэн газар ч хэн нэгэн мөнгөтэй хүний мэдэлд очиж болохгүй. Тийм эрх ч байхгүй. Энэ утгаараа нийслэл өмчөө мэдэж, хууль номын дагуу тохижилтын ажил эхлүүлье гэж шийдсэн нь буруу гэж үү?
Нийслэл хот яагаад өнгө төрхөө засч болохгүй гэж? Яагаад орчин үеийн хэв маягаар өөрчлөгдөн хувьсч болохгүй гэж? Элдэв хэл амнаас айгаад гараа хумхин суусаар байтал он цаг улирч, хийсэн бүтээсэн зүйлгүй үлдэх нь. Нийслэлийн өнгө төрх улсын хөгжлийг илэрхийлнэ шүү дээ. Энэ утгаараа хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 20 жил засварлаж тордоогүй учраас шинэчилж засварлахаар болсон нь яавч буруу биш болов уу. Ер нь хотын хэмжээнд 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засаж сайжруулан шинэчлэх ажлуудыг албан ёсоор эхлүүлсэн нь зөв. Тэр тусмаа нийтийн эзэмшлийн олон зам талбайг хувьд өгөөд байсныг цуцалж, иргэдийн ая тухтай байдлыг хангах гэж байгаад баяр хүргэх хэрэгтэй.
Алгын чинээ газар ч байсан орон сууц, оффис, обьектийн зориулалтаар өгсөөр байтал иргэдийн эрх ашиг хохирч гүйцлээ. Хотын даргаа! Tа амалсан ёсоороо улстөржилтийг сөрж эхэлсэн ажлаа дуусгаарай.
Д.Лхагва