Коронавирусын халдвар дэлхийг түгшээх хэмжээнд нэгэнт хүрчихлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 196 оронд “COVID-19” халдвар тархаад байгаагаас 375 498 хүн халдвар авч, 15 362 нь нас бараад байна. Ийм аюултай нөхцөл байдал заналхийлээд байхад тусгаарлагдсан зарим иргэд элдэв хэл ам гаргаж, албаныхны ажилд хүндрэл учруулсан тохиолдол гарсан юм. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрны иргэдийн санал гомдол ерөнхийдөө жигдэрсэн. Эхэндээ байр хүйтэн байна гэсэн гомдол гарч байлаа. Хоолоо идэхгүй, хийсэн хоол, өгсөн боорцгийг өмнөөс нь шидсэн тохиолдол хүртэл гарсан. Маш хүндрэлтэй байсан. Оюутнууд маань залуу хүүхдүүд учраас хөдөлгөөн ихтэй, тусгаарлах байрны дэг журам сахихгүй, дамжин өнгөрөх байранд олон цаг байлгалаа гэдэг ч юм уу асуудал байна. Варень түрхээд өгсөн талхыг идэхгүй гээд шидсэн тохиолдол ч байна” хэмээн байдал ямар байгаа талаар ярьсан. Үүнээс үзвэл тусгаарлагдсан зарим иргэд халдварын шинж чанар, цаг үеийн нөхцөл байдлыг үл огоорч хувийн ааш араншингаар асуудалд хандаж байсан гэсэн үг. Цаана нь нийт монголчуудын хувь заяа байгаа гэдгийг ойлгон ухамсарлаж хэдхэн хоног тусгаарлалтын дэглэм журмыг үг дуугүй сахин биелүүлэх ёстой шүү дээ.
Мөн хөл хорио тогтоосон онцгой үед амны хаалтгүйгээр цахилгаан шат, автобус, дэлгүүр зэрэг олон нийтийн газраар сэлгүүцэх, эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдын шаардлагыг үл тоох, өмнөөс нь элдэв тайлбар хийх, тэр ч бүү хэл бага насны хүүхдээ дагуулж дэлгүүр хоршоо, ресторан, кафед орох үзэгдэл гарсаар байгаа нь харамсалтай, бас эмгэнэлтэй. Covid-19 бол энгийн нэг томуу биш, цар тахал! Ийм аюул заналыг сайхан сэтгэл, саруул ухаан, эмх цэгц, эв нэгдлээр л давна.
Д.Лхагва