Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
УХААЛАГ ТЕХНОЛОГИ БУЮУ ЦАХИМ НАМ
-Та Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохдоо МАН-д үйл ажиллагааны болон бодлогын шинэчлэл хийх зорилт дэвшүүлснээ зарласан. Таны тавьсан зорилт биелсэн үү?
Ардын дунд байх, ард түмнээ сонсох чих, харах нүдтэй байх, ард түмэнтэйгээ хамт байх эрхэм зорилго, үүх түүх, өв уламжлал, үнэт зүйл, өнөөгийн шаардлагадаа үнэнч тууштай байх ёстой. Ардын нам ардын нам байх зохион байгуулалтын бүтэц бол анхан шатны үүрүүд юм. МАН-ын үйл ажиллагааны шинэчлэлийн дараагийн нэг чухал ажил бол нийт гишүүдээ цахим бүртгэлд хамруулсан явдал юм. МАН-ын 212 мянган гишүүнийг цахим бүртгэлд бүрэн хамруулах ажил үндсэндээ дуусч байна. Ухаалаг технологийн эринтэй ухаалаг ой санамж, бүртгэлтэй , ухаалаг зохион байгуулалтай байж хөл нийлнэ. Цахим бүртгэлтэй болсноор намын гишүүдийн тоо, бүртгэл цэгцтэй,ойлгомжтой, тодорхой болохын зэрэгцээ боловсон хүчний бодлого шилэн болж, сахилга хариуцлагын хяналтын нэгдсэн систем бүрдэх олон давуу талтай. Наад зах нь намын гишүүд хураамжаа төлсөн эсэх, хуралдаа оролцдог эсэх, сонгуульт гишүүд татвараа төлсөн эсэх, улстөрийн дотоод үйл ажиллагаанд оролцдог, эсэх болон бусад олон асуудлыг шууд цаг, цаас хэмнэж, цахим бүртгэл дээрээс харчихдаг болж байна. Сая миний энд ярьсан хоёр зүйл буюу НАШБ-ын шинэчилсэн бүтэц, гишүүдийн цахим бүртгэл нь МАН-ын дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн хоёр үндсэн тулгуур багана нь гэж болно. Намын үйл ажиллагааны өргөн шинэчлэлийг намын гишүүдийнхээ идэвх, оролцоонд түшиглэн, хамтран хэрэгжүүлснээр дараа, дараагийн сонгуулиудад ялалт байгуулах өргөн боломж болно гэж үзэж байгаа.
-Намын шинэчилсэн бүтцээ зөвхөн нийслэлд хийсэн үү?
-Нийслэлд өнөөдөр 1 сая 400 гаруй мянган иргэн амьдарч байгаагийн 1 сая орчим нь сонгогчид байна. Тийм учраас МАН-ын бодлого шийдвэрээ намын гишүүддээ, намын гишүүдээрээ дамжуулж иргэд сонгогчиддоо өргөн цар хүрээтэй хүргэх шаардлага тулгарсан. Үүнд тохирсон бүтэц зохион байгуулалт хийх зорилтын үр дүнд дээрх шинэ бүтцийг санаачлан гаргаж ирсэн. Улстөрийн намуудын бүтэц хуулиар засаг захиргааны нэгждээ тулгуурлаж зохион байгуулагдах ёстой. Тиймээс нэг талаас нийслэлийн хүн амын өсөлт, нөгөө талаас нийслэлийн хороо, багийн нэгжийн дагуу шинэчилсэн бүтцийн зохион байгуулалтаа хийсэн. Шинэчилсэн бүтэц маань үр дүнгээ өгч, МАН-ын үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, олныг хамарч эхэлж байна. Цаашдаа бид шинэ Үндсэн хуулиар хотын статустай болж өөрчлөгдсөн Дархан, Эрдэнэтэд намын бүтцийн зохион байгуулалтаа хүн ам, сонгогчийн тоонд уялдуулан шинэчлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Таны ярьсан үйл ажиллагааны шинэчлэл намын гишүүдийн идэвхээр илүү бодитой хэрэгжих юм байна гэж ойлголоо. Эндээс дарга нар доошоо зааварлаад байх биш, гишүүдийнхээ саналд тулгуурлан шийдвэр гаргадаг болох нь гэж ойлгож болох уу?
-Улс төрийн нам өөрөө босоо удирдлагатай байдаг. Дээрээсээ доошоо удирдлагатай буюу дээд шатны удирдлагын гаргасан шийдвэрийг доод шатны удирдлага хэрэгжүүлээд явдаг. Шинэчлэлийн гол агуулга бол дээд шатны удирдах албан тушаалд ажиллах хүн доод шатнаасаа орж ирдэг төрийн албаны мерит зарчимтай адилхан улс төрийн намын карьерын системийг бий болгохыг зорьж байна гэсэн үг.Хэн нэгэн хувь хүн, огт намд байгаагүй байж шууд аль нэг аймгийн намын хорооны гишүүн болох эрхгүй болсон. Гишүүн болохын тулд заавал анхан шатны намын байгууллага буюу үүрт очиж үйл ажиллагаанд нь оролцоод, үүрийн тэргүүлэгч болсноор хорооны намын хорооны гишүүн болж дэвших эрх нь нээгдэнэ. Хорооны намын хороонд сайн ажиллавал дараагийн шатны намын байгууллагад сонгуульт үүрэг хүлээх боломжтой болно гэх мэт. Шат шатаар ахиж, шалгарч туршлагажих зарчим. Энгийн үгээр, хэвшил болсон шүүмжлэлт хэлц үгээр бол цахилгаан шатаар татуулахгүй, тооноор орж ирэхгүй, цүнх барьж гүйхгүй. Үүнтэй уялдаад бүх шатанд сонгууль, дотоод сонгуульт албан тушаалд дэвших зэрэг ч шаталсан зарчмаар явагдана. Ингэснээр намын үүр буюу анхан шатны байгууллага чадавхжих, гишүүдийн шууд оролцоо нэмэгдэх сайн үр дүнгүүд гарна.
– МАН “Цахим нам” болж буйг шилэн нам боллоо гэж ярьж болох уу. Ил тод байх шилэн дансны ойлголттой ижил үү, өөр үү?
-МАН-ын бодлогын шинэчлэлийн хүрээнд МАН “Цахим нам” болсноо олон нийтэд зарласан. Шилэн нам гэж нэг талаар хэлж болно. Улстөрийн намуудын үйл ажиллагаа дотооддоо ил тод, ойлгомжтой, ардчилсан, шударга болж байж төрийн эрх барих хэмжээнд бэлтгэгдэнэ. Намын цахим систем бол дотоод үйл ажиллагаа нь шилэн байх байнгын дэд бүтэц. Дарга, удирдлага, гишүүд бие биедээ хяналт тавих өдөр тутмын дэд бүтэц. Бид “Цахим нам” болно гэж зүгээр л зарлахын тулд зарлаж, үзүүлэн танилцуулга болгох гэж чамгүй цаг хугацаа, хичээл зүтгэл шаардсан энэ ажлын ард гараагүй. Өргөн цар хүрээтэй ажлын үр дүнд “цахим нам” буюу дижитал нам болж хувирч байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ дижитал эрин үед амьдарч байна. Өнөөдрийн байдлаар гишүүдийн бүртгэлийг цахим системд оруулах ажил нийслэл, есөн дүүрэг болон орон нутгийн хэмжээнд 80 гаруй хувьтай байна. Цахим нам болсноор манай нам бусдаас юугаараа өөр болох вэ гэхээр нэгдүгээрт, намын бодлого шийдвэр намын гишүүдэд элдэв бичиг цаас, шат дамжлагагүй шууд гар дээр нь хаяглагдан хүрнэ. Хоёрдугаарт, намын гишүүд өөрсдөө мэдээ, мэдээллээ цахим хэлбэрээр авах, санал бодлоо тусгуулах, өөрсдийн хийсэн ажлаа сурталчлах эрх нь нээгдэнэ, гуравдугаарт намын гишүүдийн үйл ажиллагааг идэвх, оролцоогоор нь дүгнэх боломжтой болж байна. Хамгийн гол нь боловсон хүчний бодлого шилэн, ардчилсан, шударга, өрсөлдөөнтэй болно. Цахим мэдээллийн цаг үеийн хурдыг намын ажил гүйцэхгүй хоцрох, гишүүд худал ташаа мэдээлэлд автах, эргэлзэх явдал түгээмэл. Тэгвэл нам цахимжсанаар гишүүд, дэмжигчиддээ и-мэйл, вэб хуудас, гар утасны аппликейшн, мессежээр дамжуулан мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хурдан, шуурхай түгээх боломжтой. Мөн гишүүдээ сургах, татвар, хураамжийн төлөлт, намын хэвлэл захиалга зэрэг намын дүрмээр хүлээлгэсэн үүргийн биелэлт, улс төрийн үйл ажиллагааны идэвх оролцоо, боловсрол, ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлжүүлснээр хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Өндөр боловсрол, мэдлэг чадвартай, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, намын гишүүний үүргээ чанд биелүүлдэг гишүүддээ шатлан дэвших боломж олгож, бодитой улс төрийн дэмжлэг үзүүлдэг болно. Гишүүд, дэмжигчдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, нэгдсэн мэдээллийн сантай болсноор мэдээллийн давхардал, зөрүү арилж, үнэн бодит мэдээлэл дээр суурилсан судалгаа, шинжилгээ хийж, намын бодлого, стратегийг илүү оновчтой төлөвлөж, хэрэгжүүлж чадна. Цаашид намын батлахыг цахим карт хэлбэрт шилжүүлж, намтай хамтран ажилладаг болон намын гишүүдийнхээ аж ахуйн нэгж байгууллагуудаар үйлчлүүлэхэд үнийн хөнгөлөлт эдлүүлэх, гишүүдийн улс төрийн идэвх, оролцоог цахим картаар бүртгэлжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Цахим намын өргөн боломжийг энэ мэтээр яриад байвал ургаж гараад л байна. Өөрөөр хэлбэл суурь дэд бүтцээ тавьчихсан байхад тэр боломжийг ашиглах олон олон арга зам урган гарч ирдэг.
БОДЛОГЫН НАМ, АЛСЫН ХАРАА
–МАН бодлогод суурилсан улстөрийн хүчин болно гэж ярьдаг. Ийм болох алхам хийгдэж байна уу?
-Улс төрийн намын үндсэн зорилго бол сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх мэдлийг авч, улс эх орныхоо төлөө иргэд сонгогчдынхоо төлөө үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ дагуу бодлогоо хэрэгжүүлэх явдал. Улстөрийн нам нь ямар нэг бүлэглэл, эрх ашгийн нэгдэл биш, шинжлэх ухаанжсан институци болж хөгжин төлөвших ёстой. Манай намд эх орноо хөгжүүлэх нэг л амбиц, зорилго байх ёстой учраас бид намаа бодлогод суурилсан институц болгох алхам хийж байна. Улс орны хөгжлийн бодлогыг 25-аас дээш 30, цаашлаад 50 жилээр тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхдээ дөрөв, дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө гаргадаг намыг бодлогын нам гэнэ. Өнгөрсөн хугацаанд улстөрийн намууд аль ялсан нь өмнөхөө үгүйсгээд, цоо шинээр бужигнуулдаг байдлаар явж ирсэн алдааг засах шаардлагатай. Ийм ч учраас бид “Алсын хараа-2050” хэмээх урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг боловсруулан өргөн хэлэлцүүлэгт оруулаад байна. Энэхүү бодлогын төслийг Засгийн газраас өргөн барьсан, УИХ хэлэлцэн батална. Нэгэнт парламентын баталсан хөгжлийн бодлогын баримт бичигтэй болчихоор аль нэг худлаа хий хоосон амлалт, хавтгайрсан халамж амлахгүй, хөгжлийн бодлогоос халихгүйгээр намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг болох юм. Хэрэгжих боломжгүй хий хоосон амладаг популизм, популист үзлээс МАН татгалзах ёстой. Популизм хэмээх уран үг, цаг зуурын сэтгэлийн хөөрөлд дөрөөлсөн хорлонт үзэгдлээс Монгол Улсаа, Монголын ирээдүйг чөлөөлөх “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт МАН-ын гишүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Нам бол туг, тамга, барилга байгууламж биш. Үргэлж өөрчлөгдөж шинэчлэгдэж байх амьд организм шүү дээ.
МӨНГӨТЭЙГ НЬ БИШ МЭДЛЭГТЭЙГ НЬ ДЭМЖИХИЙН ТУЛД…
-Монгол Ардын Нам сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэж Та мэдэгдсэн. Үүнийг зарим хүн, ялангуяа сөрөг хүчнийхэн янз бүрээр мушгин тайлбарласан. Ямар ч байсан намд мөнгө өгөөд, өөрөөр хэлбэл төлбөртэй нэр дэвшдэг гэх хэл ам үүнээс хойш гарахгүй нь гэж ойлгож болох уу?
-Олон жилийн туршид улс төрийн намуудыг мөнгөтэй, бизнес эрхлэгчидтэй холбож, ойлгож ирсэн. Бид бодлогын шинэчлэлийн хүрээнд улс төр дэх мөнгөний нөлөөг халах шат дараалсан үйл ажиллагааныхаа эхний алхам болгож сонгуульд нэр дэвшигчдээс ямар нэгэн хандив, дэнчин авахгүй болохоо мэдэгдсэн. Түүнчлэн нэр дэвшихийг горилогчдод ард иргэдээс болон албан байгууллагаас хууль зөрчсөн хандив дэмжлэг авахыг ч хориглосон. Энэ зарчим бол нам сонгуульд ялсан тохиолдолд өгсөн хандивын хэмжээгээр төрийн ажил, албыг худалдан авдаг мэтийн байдлыг таслан зогсоож байгаа шийдвэр юм. МАН төрлийн нам биш түмний нам. МАН ах дүүгийн нам биш ардын нам байж ирсэн түүх уламлжал, үнэт зүйлтэй. Мэргэжлийн боловсон хүчин, хариуцлагатай, ёс зүйтэй, ажиллаж чадах хүмүүсийг бодлогоор дэмжих, ажиллуулах бодлого барина. Засгийн газрыг бүрдүүлэх, төрийн албанын томилгоонд өмнө нь гарч ирсэн урхагт алдаа дутагдлыг ахин давтагдахгүй байх суурь боломжийг нээх, улс төрийн шийдвэр гарлаа гэсэн үг. МАН-ын Удирдах Зөвлөл иргэд сонгогчдоос дэмжлэг авах бололцоотой, ёс суртахуунтай, боловсролтой хүмүүсээс сонгон нэр дэвшүүлэх бодлого барьж байгаа. Өнгөрсөн улс төрийн үйл явцуудаас харахад мөнгөтэй нь сонгуульдаж, мөнгөгүй ч мэдлэг боловсролтой, мэргэжил чадвартай, ёс суртахуунтай хүмүүс хоцорч үлддэг нь хэвийн бус хэвийн зүйл болчихсон. Тиймээс намын даргын хувьд ч тэр, Ерөнхий нарийн бичгийн дарга миний зүгээс ч мөнгө төгрөгийг биш мэдлэг чадварыг үнэлдэг бодлогыг цаашид ч чандлан барьж ажиллах үндсэн зарчим байна. Нөгөө талаас манай нэр дэвшигчид маань бие даасан санхүүгийн эх үүсвэртэй явах тул намд ирэх санхүүгийн ачаалал бага байна. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч иргэнээс 5 сая төгрөг хүртэл, аж ахуйн нэгжээс 20 сая төгрөг хүртэл хандив авах эрх нь нээлттэй.
-Ер нь МАН-аас нэр дэвшигчдээ тодруулахад ямар зарчим баримталж байна вэ?
-Одоогийн байдлаар тойрог бүрт нэр дэвших боломжит хүмүүсийг болон нэр дэвших хүсэлтээ илэрхийлж буй хүмүүсийг хамруулсан суурь судалгаа хийгдэж байна. Энэ судалгаагаар ард иргэд хэнийг илүү дэмжиж байгаа, одоо байгаа УИХ-ын гишүүнээ эргүүлэн ажиллуулах хүсэл сонирхол хэр зэрэг байгаа, дахиж шинээр дэвших хүмүүст ямар шаадлага нөхцөл тавьж байгаа зэрэг асуултын хариулт гарч ирэх байх. Сонгогчдын хүсч захиалж буй нэр дэвшигчдийг тодруулахыг зорьж байна. Намын даргын байр суурь маш тодорхой. Нэгдүгээрт, судалгаагаар ард иргэдийн дэмжлэгийг авч байгаа хүмүүсийг, хоёрдугаарт хувь хүний хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг харгалзан нэр дэвшүүлэх зарчим баримтлахаа илэрхийлсэн. Хэд хэдэн зүй ёсны шаардлагыг харгалзан нэр дэвшүүлэх асуудлыг ярина. Нэгдүгээрт, нэр цэвэр, шударга зарчимч байх, Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдэлдэг байх шаардлага тавигдана. Хоёрдугаарт, тухайн тойрогт олон нийт, иргэд сонгогчдын итгэлийг хүлээж байгаа эсэхийг зайлшгүй харгалзаж үзнэ. Гуравдугаарт, мэдлэг боловсролын түвшин өндөр, төрийн албаны болон салбартаа манлайлагч, туршлагатай байх, дөрөвдүгээрт, намын бодлого, үйл ажиллагааны эсрэг яваагүй зэрэг шалгуур шаардлагыг харгалзан үзэж Бага хурлаар шийднэ дээ.
-Сонгуулийн тойргийн тухайд томсгосон, олон мандаттай боллоо. Ингэснээр улс төрд ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?
-Энэ удаагийн сонгуулийн тухай хуульд газар нутгийн байршил, хүн амын нягтаршил, засаг захиргааны нэгжийн хуваарилалт гэсэн гурван хүчин зүйлсийг хамруулан үзэж байгаа. Томсгосон тойрог болгож өөрчилсөн үндсэн шалтгаан бол мөнгөний сонгуулиас ангид байхыг зорьсонтой холбоотой. Нэг жижиг тойрогт очоод мөнгө тараагаад сонгогдчихлоо гэдэг яриа хөөрөө, хандлагыг өөрчлөх шаардлагатай. Яриад суугаад байдаг, юу ч өөрчлөхгүй, өөрчлөхийн төлөө санаачлахгүй байх эрх алга. Энэ удаагийн сонгуулийг аймаг, орон нутгийн намын байгууллагын төвшинд нэгдсэн байдлаар зохион байгуулах нөхцөл хуулиар бүрдсэн. 1992, 2008 оны УИХ-ын сонгуулиуд томсгосон тойргоор явагдсан хэдий ч хуулиндаа нэгдсэн байдлаар явуулах зохицуулалтууд байгаагүй. Тухайлбал, 2008 онд нэр дэвшигчид тусдаа штабтай, тусдаа зардал мөнгөө гаргаж байсан бол энэ удаад нэг тойрогт нэг намаас нэр дэвшигчид зардал мөнгөө хувааж гаргаад, аймгийнхаа намын хороо, штабд зангидагдаж ажиллана. Ингэснээр тодорхой хэмжээнд зардал мөнгө ч хэмнэгдэнэ. Зарчмаа барьж, замаасаа гажаагүй бол эв нэгдэл сарних учиргүй.
-Эрх баригч болсноос хойш МАН-ын дотоодод олон үйл явдал өрнөсөн. Олны нүдэн дээр ил тод болсон нэг өөрчлөлт бол намын удирдлага, Ерөнхий сайд солигдсон явдал байсан. Энэ асуудлаас улбаалан эв нэгдэл сарнилаа гэх шүүмжлэл ч гарсан. Одоо МАН-ын эв нэгдэл ямар байна вэ?
-Нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Ардын намын хувьд 2016 оны сонгуулиар ард түмний итгэлээр засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал бэрхшээлийг даван туулах үүрэг ачаа хүлээсэн. Өнөөдрийг хүртэл намын дотоод асуудлаас илүүтэйгээр улс орны нөхцөл байдлыг сайжруулахаар гол анхаарлаа хандуулж бүх түвшинд ажиллаж байна. Тиймээс улс орны нөхцөл байдлыг сайжруулахаас илүүтэйгээр амин хувийн болон бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх улстөрч манай намд удирдах албан тушаал хаших ёс зүйгүй гэж намын Бага хурлаар үзсэн. Нөгөө талаас улс төрийн хариуцлага бол манай намд хатуу тогтож соёлын хэмжээнд төлөвшиж суусан зарчим байдаг. Энэ зарчмын дагуу л намын Их хурал болон Бага хурлаараа асуудлуудаа шийдээд явдаг. Зарчмаа барьж, замаасаа хазайгаагүй намын эв нэгдэл сэв суух боломжгүй. Асуудлыг олонхийн саналаар шийддэг ардчилсан зарчмаа барьсан. Ерөнхий сайд, намын дарга гэдэг албан тушаалд улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө, намынхаа нэр хүндийг өндөр авч явах чадвартай, шударга, ёс зүйтэй, туршлагатай хүнийг манай намын XXVIII Их хурлын төлөөлөгчид сонгосон. Одоо ч гишүүд маань энэ итгэл үнэмшилтэйгээ, ардчилал, шударга ёсны төлөө эвлэлдэн нэгдэж чадаж байгаа. Хэн нэгэн хүн амин хувийн сонирхлоо нэгдүгээрт тавьж, намын болон улс орны эрх ашгийг хохироохоор зүйл хийсэн бол, хэрвээ уг үйлдэлд нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлт гарсан бол улс төрийн дэмжлэгийг бүх түвшинд үзүүлэхгүй байх дүрэм үйлчилж байгаа.
ЭДИЙН ЗАСАГ УНАЛТААС ӨСӨЛТ РҮҮ
-Монгол Ардын Нам 2016 онд амласан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэр хэрэгжүүлсэн бэ?
-2019 оны жилийн эцсийн байдлаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 85 хувьтай байгаа. “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатай 5 бүлэг, 316 зорилт бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэндийн салбарт хүсэл хүлээлт үүсч хуримтлагдсан томоохон ажлууд хийгдсэн. Тухайлбал, боловсролын салбарт 92 сургууль, 165 цэцэрлэг барьж, гурван ээлжийн сургуулиудыг хоёр ээлжтэй болгож чадлаа. Эдийн засгийн хувьд Ардчилсан намын буруу бодлогоос үүдэлтэй их хэмжээний өндөр хүүтэй өр зээл, бонд, төсвийн сахилга бат алдагдсанаас үүдэлтэй хямрал, ажилгүйдэл, ядуурал зэрэг олон асуудлуудыг шийдэх зорилтуудыг тэргүүн ээлжинд дэвшүүлэн тавьж, Монгол улс дөрөв, таван төсөвтэй болчихсон байсныг цэгцлэн нэг болголоо. 2016 онд эдийн засгийн өсөлтөөс уналтанд шилжиж, хасах нэг болж байсныг 2019 оны байдлаар долоо орчим хувьд хүргэлээ. Нийгмийн салбарт гэвэл цалин, тэтгэврийг сүүлийн гурав, дөрвөн жил дараалан нэмлээ. Төрийн үйлчилгээний 130-аад мянган албан хаагчдын удаан жилийн цалингийн нэмэгдлийг түүхэндээ анх удаа өгдөг болгосон. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөж төлөх боломжоор хангасан гээд асар олон бодитой алхмуудыг хийсэн гэх мэт дурдаад байвал олон зүйл бий. МАН-ын Хэрэг эрхлэх газраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Засгийн газрын холбогдох газруудаас аваад, биелэлт сайн байгааг нь үнэлж, тааруухан байгаа бол сануулах, шахах арга хэлбэрээр ажиллаж ирсэн.Энэ арга механизм нь намын мөрийн хөтөлбөр хэрэгжихэд ихээхэн түлхэц болсон болов уу.
-2016 онд МАН засгийн эрхийг авахад эдийн засаг унасан, өөр зээл ихээр тавьсан байсан. Энэ ул мөр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хэр саад тээг болсон бэ?
-Мэдээж хамгийн их тээг болсон. Хэрвээ МАН-ын мөрийн хөтөлбөр дутуу дулимаг хэрэгжсэн бол өмнөх эрх баригч намын алдаатай бодлогын сүүдэр л дагаж байгаа гэсэн үг. Асар их өр төлбөрийг барагдуулснаас эхлээд яривал АН-ын үлдээсэн хур их хогноос Монгол Улсаа цэвэрлэсэн. Асар их цаг хугацаа, хүч чармайлт гарсан. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын өр 2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан бол 2018 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж багассан. 2018 онд Засгийн газар өмнөх дөрвөн жилд тавьсан өрийн төлбөрт 2.6 их наяд, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлж барагдуулсан. МАН өрөөр өрийг дарахгүй гэсэн зарчим баримталсан. Харин төсөв, санхүүгээ сахилга баттай удирдах замаар асар их хэмжээний өрийг дарж, эдийн засгаа сэргээсэн. Хэрвээ АН тийм их өр зээл тавиагүй байсан бол бид мөрийн мөрийн хөтөлбөрөө 200 хувиар давуулан биелүүлэх байжээ гэж боддог. Гэтэл тийм их өртэй, уналттай улс хүлээж аваад ямар олон сургууль, цэцэрлэг,эмнэлэг барив,цалин,тэтгэвэр, тэтгэмж яаж нэмэгдэв гээд яривал их зүйл ярина л даа. Ачааны хүндийг үүрэх нь Ардын намд оногдсон хувь тавилан юм даа. 1921 оноос эхлэх түүх сөхвөл ийм л байдаг. Нэг нь өр тавьж, дураараа дургиж, нэг улсыг таван төсөвтэй болгож, өсөлтийг уналтанд хувиргачихаад сөрөг хүчин болж орхидог. Нөгөө нь өрийг нь дарж, уналтыг нь өсөлт болгох гэж зүтгэдэг. Мөн манай намын хувьд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан хамгийн чухал, гол нэг заалтаа биелүүлсэн явдал бол Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийг хийсэн нь юм. Бид олон жил ярьсан өөрчлөлтийг хийснээрээ Монгол Улсын хөгжлийн замыг заасан.
-Ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ямар зарчим баримталж байна вэ?
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа үндсэн 3 зарчмыг барьж байна.Нэгдүгээрт, Монгол Улсын хөгжлийн бодлого гэдэг аль нэг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын хүсэл зорилгоор бус Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангасан, хүний хөгжилд чиглэсэн байх зарчмыг барина. Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлаар албан ёсоор батлан гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бичиг баримтад тулгуурлан гаргана. Энэхүү үзэл баримтлааас гадна Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачлан ард иргэд, эрдэмтэн судлаачдынхаа оролцоотойгоор боловсруулсан “Алсын хараа – 2050” хөтөлбөрийг УИХ-аар баталбал энэ хөгжлийн баримт бичигт тулгуурлан гаргана. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчмыг баримтална. Гуравдугаарт, Монгол Ардын Нам бол гишүүн төвтэй намын хувьд намынхаа гишүүдээс санал авах, тэдний дуу хоолойг сонсож, тусгана. Мэдээж иргэд сонгогчдынхоо саналыг авах, эрдэмтэн судлаачдынхаа зөвлөмж, шүүмжийг авч боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
– Монгол Ардын Намын 99 жил, “Монголын Үнэн” сонины 100 жилийн ойн өдрүүд тохиож байна. Танд ойн өдрүүдийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Улс орны хөгжлийг түүчээлэн 100 жилийнхээ босгон дээр ирээд байгаа Монгол Ардын Намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд хоёр ой давхацсан баярын мэндийг хүргэе. Монгол Улсын түүхийг 100 жил бичиж байгаа “Монголын үнэн” сонины ой намынхаа ойноос нэг жилийн өмнө тохиодог. 1920 онд их жанжин Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчдын санаачлагаар Эрхүү хотод анхны дугаар нь хэвлэгдэж, хувьсгалын үзэл санааг ард олонд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тийм учраас намын гишүүд маань түүхээ судалж, мэдэж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарах учиртай. Хүн хаанаас ирснээ мэдэхгүй бол хаашаа явж байгаагаа мэдэхгүй шүү дээ.
Ярилцсан Т.Бүдээхүү
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин