Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ц.Элбэгдоржтой холбоотой прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас материалыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хүрээнд АТГ-аас өнгөрөгч 2 дугаар сарын 10-нд мэдээлэхдээ “Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаагүй. Харин хэрэг бүртгэлийг хэрэг нээсэн. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээж байсан юм. Улмаар экс Ерөнхийлөгчийг ирж мэдүүлэг өгөхийг удаа дараа шаардсан боловч гадаад улсаас ирэлгүй багагүй хугацааг үдэж байна.
Үүнтэй холбогдуулан АТГ-аас түүний байгаа газрыг тогтоолгохоор Интерполд хандсан талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Баярхүү 2020 оны хоёрдугаар сарын 15-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполд хандаад байна” хэмээсэн байдаг.
Үүний дараахан Ц.Элбэгдорж “Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Парламент” телевизийн сэтгүүлчийг байгаа улсдаа урин аваачиж ярилцлага өгөхдөө “Х.Баттулгын шүүхийн урилгаар очихгүй” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, удахгүй ирэх нь худлаа болж таарлаа. Энэ талаар түүний итгэлт журмын нөхөр Э.Бат-Үүл “Элбэгдорж “Парламент” телевизийн сэтгүүлч Товуу Болдтой хийсэн ярилцлагадаа, “Х.Баттулгын шүүхийн урилга”-аар очихгүй гэлээ. Нэг талдаа үнэн. “Баттулгын шүүх” бий болсноос хойш манай иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадахгүй болсон. Үүнийг шүүх эрх мэдлийн нэг мөчир болсон прокуророос гэмт хэргийг дур зоргоороо тогтоодог болсноос шууд харж болно. Гэхдээ Элбэгээ ирэх хэрэгтэй. Монголдоо ирж тэмцэх хэрэгтэй. “Баттулгын шүүх” дээр очих хэрэгтэй. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардах хэрэгтэй” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Энэ бүхнээс дүгнэн харвал экс Ерөнхийлөгчийг ирэхээр саатуулах гээд, шүүх гээд байгаа бололтой. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж “Удахгүй очно” гэж олон нийтэд зарлачихаад ердөө хэдхэн хоногийн дараа энэ бодлоосоо татгалзсан нь сонирхол татаж байна.
Д.Дорж