Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдах байсан ч болсонгүй. Харин ШИНЭ намын зөвлөл хуралджээ. Тус хурлаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал болон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айраг гэдэг газарт цианид натри алдагдсан тухай, Монгол хүүхдүүд дээр хууль бус эмийн туршилт явуулсан асуудал зэргийг хэлэлцсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр шинэ долоо хоногийн 1 дэх өдөр болж байна. Энэ өдөр УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлийн хурал болдог. ШИНЭ нам дөрвөн асуудал хэлэлцлээ. 2016, 2017 оноос эхэлж Монголын 8000 хүүхэд дээр туршилт хийсэн тухай, хууль бус эм туршсан, үүнээс улбаатай олон зуун хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тухай эцэг, эхчүүдийн мэдээллийг сонслоо. Гадаад улс орнуудад бүртгэлгүй эм, вакциныг Монголын хүүхдүүд дээр туршсан асуудлаар УИХ-ын түвшинд нийтийн сонсгол зохион байгуулах мөн Эрүүл мэндийн сайдад хандаж асуулга тавих шийдвэрийг ШИНЭ намаас гаргасныг та бүхэнд дуулгая. Эмийн туршилтад орж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг бид хүлээн авч, мэдээлэл авч байгааг ч дуулгая. Хүний эрхийн комиссоос дүгнэлт гарсан байна. Зөвшөөрөгдөөгүй эмийг ард түмэн дээрээ туршина гэдэг бол эрүү шүүлттэй адилхан гэж олон улсад дүгнэгддэг юм байна. Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан хэргийн материалуудтай албан ёсоор танилцах шаардлагатай гэдгийг та бүхэнд дуулгая. Тухайн үед прокурорын байгууллагаас хэргийг үндэслэлгүйгээр хаасан байдаг” гэгчлэн мэдээлэв.
Д.Бат