Сонгуулийн тухай хуультай холбогдуулж улстөрийн намууд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан улс төрийн намууд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ. 2020 оны УИХ-ын сонгуулийг луйвар, булхай, хуйвалдаангүй шударга явуулах нь Монгол Улсыг улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлаас гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Тийм учир өнөөгийн эрх баригчид УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрсөддөө тохируулах, улстөрийн өрсөлдөгчдөө хааж боох, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдах гэсэн аливаа оролдлого гаргахгүй байх ёстой гэсэн зарчмын байр суурийг хатуу баримталж байна.
Гэтэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд “албан тушаал, авлигын гэмт хэргээр яллагдсан” хүмүүсийн сонгогдох эрхийг хориглох санал оруулсан нь дэмжигджээ. Энэ нь наанаа олон түмэнд таалагдахаар томъёологдсон мэт харагдах боловч үнэн хэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан, түүнийг УИХ-ын сонгуульд оруулахгүй байх явцуу зорилго, далд санааг агуулсан байна хэмээн улстөрийн намууд үзэж эрс эсэргүүцэж байна.
Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9-д “иргэд сонгох, сонгогдох эрх”-тэйг тогтоосон байдаг бөгөөд төр засаг нь энэ эрхийг хэрхэн тууштай хангах, эсвэл дур зоргоор хязгаарлах гэсэн оролдлого хийж байгаа эсэхээр тухайн улс орны ардчиллын үнэн бодит дүр төрхийг тодорхойлдог юм. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын 2012 он, 2016 он, Ерөнхийлөгчийн 2013 он, 2017 оны сонгуулиудаар сонгогдох эрхийг нь “боловсролгүй”, “хүмүүжилгүй”, “ялтай” гэх зэрэг шалтгаар хязгаарлан хориглож байсныг МАНАН хэмээх үзэгдлийн явуулсан хууль бус ажиллагаа гэж олон нийт үздэг билээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарлан хориглох гэж төр засгийн өнөөгийн удирдлага ийнхүү санаархаж байгаа нь шинэ МАНАН үүсч, улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсэн хэвээр байна гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.
Тэгээд ч Үндсэн хуулийн Цэц 2008 оны 5 сарын 14-ний хуралдаанаараа УИХ-ын Сонгуулийн хуулийн холбогдох зүйл, заалт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна” хэмээн үзэж УИХ-ын Сонгуулийн хуулийн ийм утга санаа бүхий зүйл заалт нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9 дэх хэсгийн “…төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21-р зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Иймд УИХ-ын Сонгуулийн хуулиас “албан тушаал, авлигын гэмт хэргээр яллагдсан” гэсэн зүйл, заалтыг хасахыг шаардаж байна. Хүн бүрийн нэр дэвших, сонгогдох эрхийг хязгаарлалгүй, ард түмэнд сонгох эрхийг олгох нь Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Монголын ард түмэн УИХ-ын гишүүдийн оролцоогүйгээр өөрсдөө оюун ухаанаараа дүгнэж хэнийг сонгох, сонгохгүйгээ мэдэх эрхтэй. Тийм учир шинэ МАНАН үүсээгүй, шударга сонгууль явуулахыг зорьж байгаа нь үнэн юм бол УИХ-ын зарим гишүүний гаргасан гэх хүнийг ялгаварлан гадуурхсан, сонгогдох эрхэд нь бүдүүлгээр халдсан, ард түмний сонгох эрхэд нөлөөлөх гэж оролдсон зүйл, заалтыг УИХ-ын Сонгуулийн хуулийн төслөөс хасахыг шаардаж байна” гэжээ.