ЦССҮТ Олон улсын стандартуудыг нэвтрүүлэн, байнга сайжруулсаар байна
Аливаа байгууллагад насаараа ажиллах нэг хэрэг, санаачилга, үр дүнтэй ажиллах нь өөр асуудал. ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа энэ л байгууллагадаа 33 жил тогтвор суурьшилтай ажиллахдаа байнга шинийг эрэлхийлж, шинэ үр дүнгийн төлөө явж ирсэн эрүүл мэндийн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийн нэг билээ. Т.Алимаа эмч Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны “Алтан чагнуур”, АШУҮИС-ийн Клиникийн профессор,Зөвлөх зэрэг цол, тэмдгээр шагнагдсан. Тэрбээр манай нэр хүндтэй ачтан доноруудын нэг бөгөөд “Хүндэт донор”, “Хүмүүнлэгийн элч хүндэт донор”, “Мөнгөн донор” зэрэг шагнал урамшлын эзэн.
–Тантай уулзахын өмнө ярилцлагаа юунаас эхлэх вэ гэж нэлээд бодлоо. Тэгээд сэтгүүлзүйн уламжлалын дагуу эхлээд уншигчдад танилцуулах нь зөв юм байна гэж шийдэв. Та өөрийнхөө талаар ярина уу?
-Юуны өмнө намайг зорин ирж, ярилцлага авч буй танд баярлалаа. Би Улаанбаатар хотод төрж өссөн хүн л дээ. 1981 онд нийслэлийн 3 дугаар дунд сургууль, 1987 онд тухайн үеийн АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр тус тус төгссөн. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан ажиллах хугацаандаа тасралтгүй сурчээ. Анх 1989-1990 онд Москва хотын Воробьёвийн нэрэмжит Цусны эрдэм шинжилгээний төвд цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, плазмаферезийн технологич эмчийн мэргэжил олгох курс, 1993, 1998 онд АУИС-ийн МДИ лабораторийн эмчийн мэргэжил олгох резиденс, мэргэжил дээшлүүлэх курст тус тус суралцаж төгссөн. Энэ завсраа 1995-1998 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд амжсан шүү. Мөн 1998 онд АУИС-д анагаах ухааны магистрын зэрэг хамгаалж, 2000 онд АУИС-ийн МДИ гематологич эмчийн мэргэжил олгох курсыг дүүргэсэн. 2001 онд лабораторийн эмчийн ахлах зэрэг, 2006 онд тэргүүлэх зэрэг, 2013 онд зөвлөх зэрэг авсан. Ингээд тоочоод байх уу? /инээв/
–Та ажлаа хийнгээ мөн ч их суралцжээ. Яаж амжуулж байсан юм бол өөрийн эрхгүй бодлоо. Нэгэнт ярилцлага хийж байгаа болохоор дутуу орхиод хэрэггүй гэж бодож байна. Тэгээд ч шинэ залуу мэргэжилтнүүдэд үлгэр жишээ болох ёстой сэдэв. Санал нийлэх үү?
-Эрүүл мэндийн салбар эмч, мэргэжилтнээс байнга өсч дэвшихийг шаарддаг. Мөн нийгэм, үйлчүүлэгчид маань бидэнд хатуу шаардлага тавьж, илүү мэдлэг, ур чадвартай байхыг хүсч байдаг тул бид үүнд нийцэж ажиллахаас өөр аргагүй шүү дээ. Одоо бодоход цаг хугацааг дэмий үрээгүй байна. Үүндээ сэтгэл өндөр явдаг юм. Курс дамжаанд суралцахаас гадна өндөр хөгжилтэй улс орнуудад сургалтад хамрагдаж байснаа энд дурдах нь зүйтэй байх. Тухайлбал, 1996 онд Филиппинд Цусны албаны алсын зайны сургалт, 1997 онд Японд Цусны аюулгүй байдлын сургалт, 2001 онд Солонгост, 2007 онд Туркт цусны албаны үйл ажиллагааны чиглэлээрх сургалтад тус тус хамрагдсан. Мөн 2002, 2004, 2007 онуудад Сингапур улсад Цусны албаны чанарын менежерийн мэргэжил олгох, дээшлүүлэх, 2003 онд Малайз улсад Хемостазын лабораторийн менежмент, Цусны албаны үйл ажиллагааны, 2008, 2009, 2010 онуудад Сингапур улсад Цусны албаны удирдлага, зохион байгуулалтын, 2011 онд Бразил улсад, 2012 онд Бээжин хотын Халдварт өвчнийг судлах төвд цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх шинжилгээний чанарын гадаад үнэлгээний, 2013, 2019 онд Шанхайн Цусны төвд иммуногематологийн сургалтад тус тус суралцжээ, Энэ олон сургалтад хамрагдахын хэрээр нүд нээгдэж, мэдлэг, ур чадвар минь дээшилж, хийж бүтээх урам зориг өгсөн байна. Эрүүл мэндийн салбар бол хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг маш хариуцлагатай салбар. Тийм учир ажилтан нэг бүр цаг үргэлжилж суралцаж, мэдлэгээ дээшлүүлж байх ёстой. Нийгмийн хөгжил ч маш хурдан болсон тул үүнд нийцэж, тохирох асуудал бол байнга суралцах юм даа. Үүнийг залуу эмч, мэргэжилтнүүддээ байнга захиж байх үүрэгтэй бид.
-Одоо ярианы сэдвээ жаахан өөрчилье. Ингэхэд та яагаад Цусны албыг сонгож ажиллах болов?
-1987 онд АУДэС-ийг дүүргээд ЭМЯ-ны харъяа Хөдөлмөр эмчилгээний газрын IV тасгийн эрхлэгч, их эмчээр томилогдон ажиллаж байгаад 1989 онд яамнаас дуудаад “Цусны төв, Нэгдүгээр эмнэлгийн сэхээний тасаг, Анагаахын дээд сургуулийн компьютерийн танхимын багш гэсэн 3 сонголт байна. Чи алинд нь очихоо сонго” гэлээ. “Их эмч хүнд шинэ технологи компьютер гэдэг арай хол санагдаад ерөөсөө нэгдүгээр эмнэлэгт ороё” гэж бодоод алхчихлаа. Яваад ортол сэхээний тасгийн эрхлэгч Лхагважав эмч хагалгаанд орсон, эзгүй байв. Мөд гарч ирэхгүй гэнэ. Дэмий хүлээж байхаар хажууханд нь байгаа Цусны төвөөр ороод үзье гэж бодлоо. Үүдний жижүүр эгч шилний цаанаас ямар ажлаар хэнтэй уулзах гэж явааг лавлаж асуугаад төвийн захирал Ч.Шарав гуайн өрөөг зааж өгөв. Ч.Шарав гуай ирсэн зорилгыг сонсоод “Бид яаманд захиалга өгсөн байсан, чи ерөөсөө манайд ажиллах ёстой хүн байна” гэж түс тас хэлээд удирдлагын зөвлөлөө тун шуурхай зарлан хуралдуулж, намайг ЭМЯ-ны харъяа Цусны төвийн донорын үзлэгийн их эмчээр томилж билээ. Ингэж би 1989 онд Цусны албатай хувь заяагаа холбосон хүн дээ. Тэр цагаас хойш төвийн Плазмаферез, үйлдвэрийн тасгийн эрхлэгч, их эмч, Цусны төвийн лаборатори, чанарын хяналт, мэдээлэл мониторингийн тасгийн эрхлэгч, Дэд захирал, Чанарын албаны дарга зэрэг ажил эрхэлж байсан. Одоо Чанар, цусны сонор сэрэмжийн албаны даргаар ажиллаж байна. Мөн 2004 оноос ЭМЯ-ны Хүний эмийн биобэлдмэлийн салбар зөвлөлийн гишүүн, 2008-2010, 2012 оноос ЭМЯ-ны лабораторын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, 2010 оноос ЭМЯ-ны трансфузиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, 2008-2011 Хүний эмийн салбар зөвлөл, 2012 оноос биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлийн гишүүн, 1993-2013 онд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга зэрэг сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж байна. Мөн АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5 төслийн үндэсний зөвлөхөөр ажиллажээ.
-Танаас ярилцлага авахын өмнө ЦССҮТ-ийн хэд хэдэн хүнтэй уулзаж, таны талаар асууж тодруулсан. Нэг ёсондоо судалгаа авч байгаа хэрэг. Хамт олон чинь ерөнхийдөө даруухан хүн гэж дүгнэдэг юм билээ. Одоо миний асуух асуултад даруухан хариулах хэрэггүй гэж хүсэх гэсэн юм. Та цусны чанарын чиглэлээр мэргэшсэн хүн байна. Ямар ямар үр дүнтэй ажил санаачилж, хэрэгжүүлэв? Гол гол амжилтуудаасаа дурдаач?
-Сүрхий судалжээ /инээв/. Тиймээ би цус сэлбэлт судлал тэр дундаа чанарын асуудлаар сүүлийн 26 жил мэргэшсээр л байна гэхүү дээ. Цус, цусан бүтээгдэхүүний технологийн заавар, үндэсний стандартыг шинэчлэх, олон улсын жишигт тохирсон баримт бичгийн тотголцоог бүрдүүлэх зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсэн. 2004 онд Цусны албаны чанарын бодлого гэдэг зүйлийг анх боловсруулсан. Тэр бодлогыг байнга шинэчлэн зорилтуудаа үе шаттайгаар хэрэгжүүлэх ажил одоог хүртэл явж байна. Чанар өөрөө төгсгөлгүй, байнга сайжирч байх ёстой ухагдахуун шүү дээ. Тийм учраас цаг ямагт боловсонгуй болгох шаардлагатай байдаг юм. Манай төв тусгай мэргэжлийн төв болохоор Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагддаггүй байсан. Итгэмжлэл авахын тулд эхлээд стандарттай байх хэрэгтэй болсон тул 2010 оноос эхлэн энэ саналыг яаманд үе шаттай тавьж, 2012 онд миний бие санаачлан тусгай мэргэжлийн 3 төвийг уриалан анхны стандартыг боловсруулан батлуулж байлаа. 2017 онд улам боловсронгуй болгож Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн стандартыг батлуулаад хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд манай төв 2014 онд магадлан итгэмжлэлээ анх удаа авч, 2016, 2018 онуудад давтан итгэмжлүүлээд явж байна. Мөн 1995 онд цус бүлэгнэлтийн удамшлын эмгэг болох гемофили өвчний лабораторийн шинжилгээг Монгол Улсдаа анх удаа нэвтрүүлж, уг өвчний А болон В төрөл, хүнд хөнгөний зэргийг лабораторийн шинжилгээний аргаар оношилдог болсон. Түүнчлэн Трансфузиологийн лавлагаа лабораторийг ЦССҮТ-д байгуулах ажлыг санаачлан 2007 онд сайдын тушаалаар батлуулан бодит ажил болгож байлаа. Малайзад суралцаж ирээд цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох 3 үе шаттай аргыг Монголд анх удаа нэвтрүүлж, тогтолцооны өөрчлөлт оруулсан. Үүнийг практикт нэвтрүүлэхийн тулд 2010 оноос эхлэн бүх хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг сургасан. Энэ маань манай төвийн брэнд сургалт болж, шинэ мэдээллээр баяжин үргэлжилсээр байна. Цусны төвдөө ажиллах хугацаандаа хоёр том төсөл хэрэгжүүлэх ажилд хамт олноо манлайлан оролцсон. Эхнийх нь 2003-2013 онд ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобал сангийн дэд хөтөлбөр, нөгөөх нь 2014-2018 онд хэрэгжсэн АХБ-ны ЭМСХХ-5 төсөл юм. Би энд нэг зүйлийг заавал хэлэх ёстой. Миний өдий зэрэгтэй хийж бүтээж яваа маань Цусны албаны удирдлага, хамт олон, үе үеийн эмч, мэргэжилтнүүдийн дэмжлэг туслалцааны үр дүн юм шүү.
–ЦССҮТ Олон улсын гурван стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага. Энэ бол үнэхээр бахархаад баршгүй том амжилт. Ийм үр дүнд хүрэхэд нөр их хөдөлмөр, зүтгэл орсон нь мэдээж шүү дээ…
-Манай хамт олны бас нэгэн том амжилт, бахархал бол энэ юм шүү. Эрүүл мэндийн салбар дотор хамгийн чухал салбар бол Цусны алба. Чухал гэдэг нь бүх үйл ажиллагаа дүрэм журам, стандартын дагуу хийгдэх ёстой гэсэн үг. Цусны алба хүний судсаар урсаж байгаа шингэн эрхтэнг олон төрлийн бүтээгдэхүүн болгон цусны эс бүрийн үүрэг ажиллагааг нь алдагдуулахгүйгээр эмчлүүлэгч, өвчтөнд хүргэх маш хариуцлагатай ажлыг хийдгээрээ онцлог байгууллага. Бид энэ маш нарийн чимхлүүр олон үе шаттай ажлыг зөв хийхийн тулд стандарт журмыг чанд мөрдөн хийсэн үйлдэл бүрээ хянаж, шалгадаг. Иймд бид олон улсын болон үндэсний стандартуудыг нэвтрүүлэн байнга сайжруулсаар байна. ЦССҮТ ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо, ISO 15189-Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага, OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болсноос гадна 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх зорилт дэвшүүлж, улмаар Англи улсын “LIoyd Register” компанийн төлөөлөгч Монгол Улсад хүрэлцэн ирж ЦССҮТ-д хоёр удаагийн үнэлгээ хийгээд “ЦССҮТ нь Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж чадаж байна” хэмээн үнэлсэн юм. Тэрхүү нэр хүндийн илэрхийлэл болсон гадаадын байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ өнгөрөгч 6 дугаар сарын 14-нд Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулагдсан 1000 донорын чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хүндэтгэлтэйгээр гардаж авсан юм. Энэ бүхэн манай төвийн удирдлага, эмч, ажилтан бүрийн идэвхтэй оролцоо, гар, сэтгэл нийлэн ажиллаж бүтээсэн ололт амжилт юм. Бид бүхний хамтын хүчин зүтгэлийн үр дүнд Монгол Улсын Цусны албаны чанарын менежментийн тогтолцоо олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгдсэн гэсэн үг шүү дээ. Энэ завшааныг ашиглаад хамт олондоо баяр хүргэж, талархал дэвшүүлье. Стандартыг нэвтрүүлнэ гэдэг анхны том алхам, түүнийг тогтвортой авч явах, хадгалах, хөгжүүлэх гэдэг бол бас хамгийн чухал хариуцлагатай ажил үүрэг. Манай хамт олон энэ амжилтаа хадгалж, сайжруулж, Монгол Улсын Цусны албыг улам хөгжүүлэхийн төлөө улам чармайн ажиллах болно.
Ярилцсан Д.Лхагвадорж