Эртний нэгэн гүн ухаантан “Хүнийг насан эцэслэхээс өмнө азтай эсэхийг нь шүүн тунгаах боломжгүй” гэсэн байдаг. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын явдлыг харахад тэр үг бодогдох. Хэчнээн өндөр төрийн албан тушаал хашиж, нэр хүнд, хүндэтгэлийн дундуур амьдарсан ч нэг л өдөр орвонгоороо эргэж болохын жишээ, энэ. Гэхдээ хүн ёсны өнцгөөс харсан ч, хууль зүйн талаас нь үзээд ч ойлгохгүй асуудалд Цэцийн дарга Д.Одбаяр орчихоод байгаа юм. Ингээд бичихээр элдвийн хараал, ерөөлөөр булах байх. Эмэгтэй хүний элдэв газар хамаагүй хүрэхийг зөвтгөх нь тэнэглэл. Үүнд тохирсон шийтгэлийг даруй бөгөөд тус бүрт нь оноож байх нь чухал. Харин энэ улсын иргэн харийн газар шударга бус хавчлагад орж байвал өөр асуудал. Ийм тохиолдолд гадны хэвлэлийг дагаж хуйлраад бид эндээ гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй нутаг нэгтэндээ “чоно” болж суугаа бол хэт омойтсон явдал л даа.
Товчхондоо, нэг монгол эр хоёр улсад зэрэг жигшигдэж, амьдаараа дуусч байгаа юм. Зарим хүн аатай үзэн ядаж харагдана. Уг нь мань эр хүн алж, хүрээ талсангүй. Хүчгүй орны хувийн сахилга бат, моралиар сулхан согтуу амьтан л харагдаад байна. Тийм ч болохоор авах ёстой шийтгэлийнхээ дээр зүй бус алагчлалд өртөж байгаад нь “игзаар” хөдлөөд байгаа юм.
БНСУ-ын хэвлэл урьд өмнө нь Д.Одбаярын хэрэг явдал дээр гаргаж байгаа шигээ эрээ цээргүй аашилж байсангүй. Хуулиараа ч хориотой юм билээ. Тухай нь, БНСУ-ын хуульд сэжигтний нүүр царай, ажил албан тушаалыг онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн, онц ноцтой хохирол учруулсан, хангалттай нотлох баримттай тохиолдолд нийтэд ил болгодог байна. Гэхдээ нүүр царайг нийтэд ил гаргахын тулд “Хувийн мэдээллийг нийтэд ил болгох хяналтын зөвлөл”-ийн (долоон гишүүнтэй) шийдвэрээр хэлэлцэж ил болгохыг зөвшөөрдөг. Өмнө нь олон нийтэд дэлгэгдсэн зураг нэгэнт байгаа бол түүнийг хэвлэл мэдээллээр ашиглаж болох боловч дээрх тохиолдлуудын аль нэг нь биш тохиолдолд ТВ, радио, сонин хэвлэлээр тухайн нөхцөл байдлын зураг бичлэгийг цацахдаа царайг нь ил гаргаж цацахыг хуулиар хориглосон байдаг. Үүнийг ч зургаас харж болно. Бас хуулийн байгууллагынхан нь сэжигтэн, хэрэгтнийг хар шил, амны маск зүүлгэж, малгай даруулаад явж байгаа зураг бий. Хүзүү гартаа шивээстэй хүн байвал хоолойтой цамц, бээлий хүртэл өмсүүлж хүнд танигдахаас сэргийлдэг юм. Гэвч энэ удаа тэр журмаа мөрдөхгүй улаан цагаан явдал болж байна.
Гэмт хэрэгтний царайг Солонгосын хэвлэлүүд өмнө нь хэрхэн нууцалж байсныг зургаар харуулсан болохоор олон зүйл нурших нь илүүц байх. Эдгээр гэмт хэрэгтнүүд бол хүчин, хүн амины хэрэг үйлдсэн увайгүй амьтад юм шүү дээ. Тухайлбал, тэр нүцгэн гүйж байгаа нөхөр бол Солонгосын залуусын гудамж болох Хонгдэд энэ сарын 3-ны өдрийн үүрийн 02 цагийн орчимд ганцаараа явж байсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан цэрэг юм. Гудамжинд явж байсан эмэгтэйг цохиж унагаан улмаар хүчирхийлж байхад нь ойролцоо явж байсан иргэд цагдаа дуудахад зугтаж байгаа нь, энэ. Хэрэгтний зураг байтугай хэн байсныг нь солонгосчууд өнөөдөр ч мэдэхгүй сууж байна. Солонгост хүчин, зодооны хэрэгт холбогдсон америкчууд зөндөө. Тэдний зураг байтугай сураг ч байхгүй. Бүр Д.Одбаяртай адил өдөр онгоцны үйлчлэгчийн биед халдсан гэгдээд байгаа Орос хүний нэр зураг байна уу. Тэгж яривал хамт явсан А гэгч нь ч хэн юм бүү мэд.
Солонгосчууд сайндаа ч хүний эрхийг өмнө нь тэгж мөрдөөд байсан юм байхгүй л дээ. Монгол Улс төдийгүй БНСУ нэгдэн орсон олон улсын цөөнгүй конвенц, пакт бий. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1966 оны арванхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ гэж бий. Түүний 2.1-д “Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй”, мөн 5.1-д “Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй” гэсэн байдаг. Түүнчлэн 10.1-д “Эрх чөлөөгөө хасуулсан бүх хүнтэй хүнлэг харьцаж, угаас заяасан нэр төрийг нь хүндэтгэнэ”, (Бидний мэдэж байгаагаар Д.Одбаяр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа), 14.2-т “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй” гэж бий. Тэгвэл 1961 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр баталж, 1964 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон Венийн конвенцийн 29 дүгээр зүйлд “Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна” хэмээн тусгасан. Төрийн өндөр дээд албан тушаалтан энэ ангилалд багтана. Энэ өнцгөөс харахад өнөөдөр Солонгосын хэвлэл өөрийн улсын болоод олон улсын хууль дүрмийг зөрчиж байгаа юм. Яагаад ийм ямаан омогтой байна вэ. Наад зах нь бид БНСУ-д суулгах Элчин сайдаа томилохгүй жил гаруй боллоо. Уг нь тэндэхийн дипломатын газар толгойтой байсан бол өөрийн иргэнийхээ эрхийг дордуулахгүй байж болох байсан байх.
Дээр нь Монгол Улс Солонгос улсын хувьд хүндэтгээд байх шаардлагагүй орон болжээ гэдгийн тодорхойлолт боллоо. Эдийн засгийн хувьд төдийлөн ач холбогдолтой бүс ч биш. Тийм ч болохоор Д.Одбаярыг шившиглэхийг ч нэг үзүүлж байна. Аминдаа манай иргэд тухайн оронд ихээр очиж хар бор ажил хийдэг болохоор нь дээрэлхэж байгаа юм байлгүй дээ. Миний нэг танилын найз Солонгост хэдэн жил хараар ажиллаж ирээд “Солонгос эзэнтэй хоолны газар орж хоол иднэ. Эзнийг нь дуудаж загнана” гэж билээ. Хүний нутагт дээрэлхүүлсэнийхээ хорыг тайлах чинь муухай гэхэд “Тэнд бид хүн биш. Хараар ажилласан бол муухайгаар хэлбэл боол болно. Хараар ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг бол солонгос эзэн нь хүссэн үедээ дарамталж хөнжилдөө оруулдаг юм” гээд шүдээ зуугаад суучихаж байлаа. Саяхан Солонгосын нэг дипломат, ажлынхаа монгол бүсгүйг хүчирхийлэхийг завдсан явдал гарахад “Энэ Д.Одбаярын явуулга” гэж солиорох хүн гарч л байсан юм даа. Өс хонзон яриад байгаа юм биш харин “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна” гэгчээр Монгол болохоор элдэвлээд байгаа нь муухай. Д.Одбаярыг өмөөрөх хэрэггүй, гэхдээ улсаа хайрлах хэрэгтэй. Том дарга биш Монгол Улсын иргэн гэдэг өнцгөөр нуршаад байна л даа.
Манайхан дунд үгширсэн тархины хатиг, бэтэгтэй хүмүүс байдаг. Тэр нь сайн сайхан яваа хүнийг алдахад хагарч, урсаж муухайгаа харуулах юм. Социализмаас салснаас хойшхи нэн шинэ нийгэмд хөлөө олсон, олоогүй үе тэнгийнхний атаа жөтөө юм болов уу даа. Тэд улсаараа дээрэлхүүлж байхад нэг хүн баларсанд баярлаад сүйд байна. Жишээ нь, түүний оронд иргэн О гэгч байсан байг. Бараг хэн ч тоохгүй. Бүр өмөөрч ч магадгүй. Монголд хүчин хийхийг завдсан солонгосчуудыг яриад бөөн юм болно. Солонгосчууд ч тоохгүй. Албан тушаал нь Д.Одбаярыг тодотгоод байгаа хэрэг. Магадгүй, манайх бэлгийн дарамт учруулдаг муухай хүнтэйдээ биш тэндээ ийм явдал хэт газар авсан болохоор үүгээр дамжуулан жигшүүлж байгаа бол яах вэ. Өөрсдийнхөө дуучин одуудыг амиа хорлотол нь коммент бичдэг тийм хүмүүст бариад өгөх “монгол” олдсон нь тэндээ завшаан юм уу даа. Энэ хэрэг бүхэлдээ Д.Одбаяр муухай, солонгосчууд хорчин, монголчууд бүр адгийн гэдгээ харуулсан үйлдэл боллоо. Одоо улс орон болж тоглож байгаа бол Д.Одбаярыг Солонгост байлгаад улсаа доромжлуулаад байхаа болих хэрэгтэй. Төртэй бол иргэнээ хамгаал. Хятадууд манайд үүрлэсэн 800 “цахим террорист”-уудаа вагон вагоноор нь аваад явчихлаа. Дэлхийн ямар хэвлэлд энэ талаар гарсан юм. Байхгүй шүү дээ. Хүчтэй төртэй бол ийм байдаг. Манайх хүүхний өгзгөнд хүрсэн ганц иргэнээ авъя гэж ам ангайхгүй суух нь ичмээр биш үү. Аваад ир л дээ, тэгээд “алаад өг”.
Ж.Баярсайхан.Эх сурвалж: www.zindaa.mn