Монгол Улсад жуулчин, бизнес ангиллын 30 хоногийн визтэй ирсэн ч зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 800 орчим хятад иргэнийг тусгай үүргийн галт тэргээр албадан гаргаж буй тухай Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-аас өнөөдөр мэдээллээ.
Өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ болон ГИХГ-тай хамтран явуулсан шалгалтаар, 783 иргэн ирсэн зорилгоосоо өөр ажил хийж байгааг тогтоосон байна. Тиймээс дээрх иргэдэд Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7-д зааснаар, Монгол Улсад гурван жил дахин нэвтрэхгүй байх хугацаа тогтоон “Замын-Үүд” олон улсын боомтоор албадан гаргаж БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх юм.
БНХАУ-ын иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангаж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлсэн. Тэрбээр, “Галт тэрэг цагийн хуваарийн дагуу 20.45 цагт хөдөлнө. Эцсийн байдлаар, 759 хүнийг галт тэргэнд суулгалаа. Тэдний 103 нь эмэгтэй. Тээврийн зардлыг БНХАУ-ын Элчин сайдын яам гаргасан бөгөөд тэдгээр иргэнийг тус улсын хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгнө. Үлдсэн этгээдийг цахим гэмт хэрэг зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын хуулийн байгууллага шалгаж байна” хэмээлээ.
ТЕГ-ын дарга Д.Гэрэл өнгөрсөн сарын 30-нд мэдээлэхдээ, “БНХАУ-ын иргэд Монгол Улсад хэсэг бүлгээрээ цахим сүлжээнд ажиллаж байсныг наймдугаар сараас шалгасан. Жуулчны визээр 20, 30-аараа цувж ирсэн 800 орчим хүн цахим тоглоом болон бусад аргаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн шалгаж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, “Дээрх иргэд 1000 орчим компьютер, 10 мянга орчим гар утасны сим карт ашиглаж байсныг ажиллагааны явцад илрүүлсэн. Цахим луйвар байж болзошгүй үйлдлийг зохион байгуулагчдаас бусад иргэнийг нутаг буцаана” гэж байв. Саатуулагдсан 800 орчим хятад иргэнийг албадан буцаах хүртэл Улаанбаатар хотын таван зочид буудалд байрлуулж байсан юм.
Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол Монгол Улсын нутгаас албадан гаргана” гэж заажээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.