УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөнгөтэй хүн ямар замаар өндөр албан тушаалд төвөггүйхэн очдог болсныг ширүүхэн “илчилжээ”. “Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшилээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо” гэж тэрбээр нэлээд эмоцитой гөвжээ. Түүний ярьсан болгон зөв л дөө. Худлаа гэж мэлзэх тийм цайчихсан хүн улстөрчдийн хүрээнд лав байхгүй. Хамгийн гол нь С.Бямбацогт тэргүүтэн одоо л “сэрж” байгаагаас биш ийм буруу тогтолцоо бүрэлдэж, аалзны тор мэт хэрсэн нь монголчуудад хэдийнэ ойлгомжтой болсон асуудал. Ёстой л нөгөө “босоо” Ганбаагийн хэлдгээр мөнгөтэй бизнесмэнүүд улстөрийг ултөрчидтэй нь худалдаад авчихсан нь өнөөдрийн гашуун боловч бодит үнэн.
Хөрөнгө чинээтэй хүн (тэдний дотор хөдөлмөрөөрөө хөлжсөн, бас солгой гартнууд ч бий) том намд элсч улмаар мөнгө төгрөг хандивлаад л нэр дэвших эрхээ олж авна. Улмаар сонгуулиар баруун солгойгүй баахан мөнгө тараагаад л гараад ирнэ. Эрх мэдэлд хүрсэн хойноо улс орны гэхээсээ бизнесийн бүлэглэлийн эрх ашигийг гүйцэлдүүлэхэд хамаг анхаарал, цаг заваа зарцуулна. Ийм л урвуу жишиг тогтоод удлаа. Ард түмний амьдрал дээшилж, улс орны хөгжил урагшаа ахихгүй байна гэж хэчнээн жил гонгинох юм бэ? Учир шалтгааныг нь дээрх гаж хандлагаас хайж, засах цаг болж.
1992 оноос хойш монголчууд 7 удаа УИХ-ын сонгуульд оролцжээ. Энэ 28 жилд “Таныг судалж үзлээ, та энэ салбарыг авч явж чадах хүн байна” гэж хэдэн хүнд хэлж байв гэдгээ намууд бодох цаг болжээ. Хатуухан хэлэхэд улстөрийн хүчнүүд “Мөнгөгүй хүн намын босгоор алхах хэрэггүй” гэдэг зарчмаар л боловсон хүчний бодлогоо явуулж ирлээ. Монгол Улсын эдийн засаг байн байн хямарч, тэр тоолонд ард түмэн хамраараа газар хатгаж байгаагийн нэгэн томоохон шалтгаан нь үүнд буй. 2008 оны УИХ-ын сонгуулиар “20 сая төгрөг өгч чадахгүй, олж чадахгүй бол нэр дэвших хэрэггүй” гэж нэг намын дарга “загнаж” байв. Нэр дэвших мандатаа авсан нь тийм хэмжээний мөнгийг намдаа тушаана гэсэн үг. Тэгвэл өмнө нь нэр дэвших эрхээ авахын тулд түүнээс ч их хэмжээний мөнгийг намдаа шидсэн хүмүүс ч бий. 2016 оны сонгуулийн өмнө нэр дэвшигчиддээ 100 сая төгрөгийн “татвар” ногдуулж бөөн хэл ам хэрүүл шуугиан тариад авсныг монголчууд мартаагүй.
Үнэхээр шийдвэр гаргах түвшинд хүрье, өөрийнхөө мэдлэг чадвараа улс орон, ард түмнийхээ төлөө зориулая гэдэг зөв итгэл үнэмшил, амбицтай хүн цөөнгүй. Харамсалтай нь түүний халаас нимгэн, танил талгүй бол намын хаалга үүдийг татаж хэчнээн гүйгээд ч нэмэргүй дээ. Ядаж цүнх барих хувь заяа тохиох, эсэх нь эргэлзээтэй. Гадаадад өндөр боловсрол эзэмшин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн намын харьяалалд орж, хандив мөнгө барьж бөхөлзөхгүй л бол анхаарал татахгүй, төрд ажиллах, дарга сайд болох талаар зүүдлэх ч хэрэггүй. Түүний боловсрол мэдлэг, туршлага намын шалгуураар бол юу ч биш. Боловсон хүчний бэлтгэл гэдэг ухагдахуун алдагдсан, бүр таг мартагдсан учраас дөрвөөс дөрвөн жилд бэл бэнчинтэй нь төрийн өндөр сэнтийд залардаг систем тогтчихлоо. Төрд ажиллаж байгаагүй, түмэн олонд танигдаагүй, хэн болох нь ч бүү мэд нөхөр өнөөдөр сайд, маргааш төрийн түшээ болох хувь заяа Монголоос өөр улс оронд байдаг болов уу? Төрийн албыг зарж, наймалцаж байна гэж сөрөг хүчин болохоороо л хашгирцгаана.
1945 онд дэлхийн 2 дугаар дайн өндөрлөсний дараа Япон улсын эдийн засаг туйлын хүнд байсан ч олон зуун залуусаа гадаадын их дээд сурууль руу илгээж, үр дүнд нь өнөө хэр эдийн засгийн өндөр түвшингээ тогтвортой хадгалж байна. Тэд боловсон хүчний бодлогоо асар зөв харсны ачаар өнөөдөр дэлхийд эдийн засгийн хувьд хүчирхэг хэвээр үлджээ. Сингапур л гэхэд өндөр албан тушаалд дандаа дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудыг дүүргэсэн шилдгүүдээсээ томилж, тэр хэрээрээ хөгжлийн өндөрлөгт хүрчихэж. Хятад олон мянган залуусаа барууны өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй сургуулиудад бэлтгэж байгаа нь зүгээр л мөнгөө гайхуулах гэсэн бардамнал огт биш.
Гэтэл манайд боловсон хүчний бодлого мөнгөтэй хүнд л үйлчилдэг. Үр дагаврыг нь С.Бямбацогт гишүүн бараг хэлчихлээ дээ, “Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо” гэж…
Дажсүрэнгийн Лхагвадорж