Энэ сарын 9-нд буюу ердөө хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн саналаа хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татаж, засаглалын ямар хэлбэрийг сонгохыг ард түмнээсээ асуух санал дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Парламентийн засаглалтай байх уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу гэдгийг ард түмнээс асууна гэсэн үг. Мань эр уг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлэхийг төдийлөн эсэргүүцээгүй бөгөөд УИХ-ын гишүүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь 1 жилээр нэмэх зэрэг “эсэргүү” бус саналуудыг хүргүүлсэн юм. Гэтэл гэнэтхэн байр сууриа өөрчилж саналаа татах нь тэр. Төрийн тэргүүний хувьд Засгийн газрыг Ерөнхийлөгч тэргүүлэх ёстой буюу нэг ёсондоо Ерөнхийлөгчийн засаглалыг тулгасан гэсэн үг.
Энэ нь МАН-аас гадна АН-ын ч эсэргүүцэлтэй тулгараад байна. Тус намын нөлөө бүхий эрхэмүүдийн нэг УИХ, Засгийн газрын гишүүн асан Х.Тэмүүжин “Ерөнхийлөгч ард түмний санал асуулга явуулах санал гаргасан нь тангаргаасаа няцсан үйлдэл. Би хувьдаа нэг л зүйлээс болгоомжилж байна. Энэ бол Монгол Улс дотроо хаан байх гэсэн түүний тачаал шунал. Хоёр том гүрний дунд ардчиллыг хамгаалан үлдэх шалтгаан нь Парламентийн бүгд найрамдах улс” хэмээн мэдэгдлээ.
Нийслэлийн АН-ын дарга асан, экс хотын мэр Э.Бат-Үүл ч Ерөнхийлөгчийн үйлдлийг дарангуйлал тогтоох гэсэн санаархал. Жижиг улсын оршин тогтнох үндэс нь Парламентийн засаглал хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Үүнээс үзвэл АН-аас сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгчийн байр суурь төрөлх намынх нь эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр боллоо. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн гаргасан санал хууль зөрчиж байгаад асуудлын учир нь байгаа аж.
Д.Дорж