Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Терроризмтой тэмцэх хэлэлцээрийг соёрхон батална
Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргав.
Хэлэлцээр нь есөн зүйлтэй бөгөөд манай хоёр орны нэгдэн орсон терроризмтой тэмцэх тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн зорилго, зарчим, үзэл санаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблейн баталсан тогтоол шийдвэрийг удирдлага болгосон байна. Энэ хүрээнд хоёр улсын эрх ашиг хөндөгдсөн, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй аливаа террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх террорист гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, олон улсын томоохон арга хэмжээ, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллах, харилцан мэдээ мэдээлэл солилцох тохиролцоонд хүрэх юм.
Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоов
2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн дүйцүүлэх. албыг зохих журмын дагуу тус тусын аймаг, орон нутагт зохион байгуулж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Дүйцүүлэх албанд хамрагдсан иргэд нь орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг нийтэд сахиулж ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэгт үүрэг хүлээн оролцох юм. Мөн орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Зарим газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа
Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэхь Төв цэвэрлэх байгууламж, ТЭЦ 4-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг тус тус Улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав.
Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгав.
Тус газруудын хилийн заагаас гадагш нэг километрийн дотор аюулгүйн бүс тогтоож, тухайн бүсэд хүн ам суурьшах, мал аж ахуй, тариалан, төмс хүнсний ногооны аж ахуй эрхлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барих, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлж ашиглуулахгүй байхыг Нийслэлийн удирдлагад чиглэл болгов.
Улсын аварга малчин өрх, фермер, саальчин шалгаруулах журмыг шинэчлэв
Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг тус тус шинэчлэн батлав. Шалгарсан Улсын аваргуудыг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжжүүлэхээр болов.
Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан өсгөж, бэлчээрийг зүй зохистой ашиглаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулан малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд хувь нэмрээ оруулж байгааг нь харгалзан орон нутаг бүрт шалгаруулалтаа явуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон журамлажээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн сүүлийн жилүүдэд бэлчээр талхлагдан, доройтсоор байна. Монгол Улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой малын багтаамжтай бөгөөд гантай жилд бэлчээрийн даац 30 хүртэл хувиар буурдаг байна. Өнгөрсөн жилийн эцэст тоологдсон 66,5 сая толгой малыг хонин толгойд шилжүүлэхэд 111 сая хонин толгой болж байгаа нь өдгөө бэлчээрийн даацаас 25,4 сая толгойгоор хэтрээд байгаа юм.
Иймд Улсын аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн удирдлага дор шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, малын чанараа сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлсэн, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгосон мал, аж ахуйн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байдал зэргийг нь харгалзан шалгаруулалт явуулахаар журамд өөрчлөлт оруулаад байна.
9 дүгээр сарын 3-ны өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.