Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын үеэр шударгаар бизнес эрхэлж буй хүмүүсээ цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Хууль дүрмийнхээ дагуу алт олборлож байгаа компаниудад Засгийн газар юм ярихгүй байгаа. Ном дүрэм, стандартынх нь дагуу зохих зөвшөөрлийг нь аваад ажлаа хийж буй уул уурхайн компаниудыг бид дэмжинэ. Харин хүн амьдрах орчны эх сурвалж болсон эко системийг хууль бусаар эвдэж сүйтгэж байгаа тэр уул уурхайтай тэмцэнэ. Би бизнесийн ертөнцөд ургасан хог шарилжийг зулгааж байгаа болохоос биш зүлгийг нь зулгаагаагүй шүү. Энэ хог шарилж болж ургасан олигархиуд та нарын бизнесийг хулгайлж авч байгаа. Бизнес хийж баялаг бүтээж байгаа та нарын боломжийг хулгайлж авч байгаа юм” хэмээсэн нь уулзалтад оролцсон бизнесмэнүүдийн талархалыг хүлээв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх улирал тутам бизнес эрхлэгчидтэй уулзаж байхаа илэрхийлэв.
Д.Дорж