УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх 6 дэд ажлын хэсэг өнөөдөр хамтарч хуралджээ.
Хуралдааны эхэнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, гишүүн Д.Лүндээжанцан төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулан хийж буй болон цаашид хийгдэх ажлын талаар, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаархи цуврал хэлэлцүүлгийн талаар танилцуулсан байна. Тэрбээр, цуврал хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал хэлж, асуулт асуусан хүмүүсийн тоо зэрэг статистик баримтын зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг онцлон танилцуулав. Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улстөрийн намуудын зүгээс тавьж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улстөрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийлсэн байна. Хамтарсан хуралдаан дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж сонсгожээ.
Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан таван өдрийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр иргэдийн гаргасан болон УИХ-ын нэр дээр иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлж буй гэх зэрэг бүхий л саналуудыг нэг бүрчлэн авч үзэн, нэгтгэн томъёолж, төсөлд тусгах чиглэлийг өгчээ.