АТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ “Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор эрх шилжүүлэх, гэрээний маргаантай хэргийг шийдвэрлэх явцад нэр бүхий шүүгчид хахууль өгсөн гэх хэргийг шалгаж байна. Энэ асуудлыг ҮАБЗ-д танилцуулсны дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Түүнээс гадна Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүхийн шүүгч нарын 2012-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч, өөрийнхөө гэр бүлийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгөө хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Энэ хүрээнд тэдгээр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Үүнээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин хэд хэдэн шүүгчийн эрхийг түтгэлзүүлэх зарлиг гаргах бололтой.
Мөн Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр болон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын авлигад авсан их хэмжээний мөнгийг хураан авч байгаа бичлэгийг дэлгэсэн юм.
С.Болд