Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Төрийн тэргүүний уламжилсан саналууд дотроос УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь нэг жилээр нэмэх санал олон нийтийг талцуулаад байна. “Одоо байгаа 76-г яая гэж байхад дээр нь 32 “толгой” нэмэх гэлээ” гэж ундууцах хандлага жин дарж байх шиг. Гэхдээ Ерөнхийлөгчийн тайлбарлаж байгаагаар 1990-ээд онтой харьцуулбал Монгол Улсын хүн амын тоо өсч 3 сая 200 мянгад хүрсэн учир төлөөллийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдсөн аж. Нэгэнт сонгодог парламентийн засаглал руу тууштай алхам хийе бодож байвал төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тоог тодорхой хувиар нэмэхэд буруу зүйлгүй. Гэхдээ Монголын төрд мэдлэг, чадвараараа гологдохооргүй, хөгжлийн бодлогыг тодорхойлж чадах, дэлхийн түвшний боловсролтой хүмүүст тийм боломж олдох, эсэхт л сонгогчид эргэлзээд байгаа юм. Аргагүй шүү дээ. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд боловсрол мэдлэгтэйгээсээ илүү бэл бэлчинтэй нь төрийн өндөр албан тушаалд очдог урвуу тогтолцоо бүрэлдсэн юм чинь. Аль нэг намд элсээд мөнгөөр нэр дэвших эрхээ олж авна. Мөн л мөнгө цацаад УИХ-ын гишүүн, сайд дарга болчихдог муу практик нь тогтолцоо болтлоо гүнзгийрснийг дунд сургуулийн хүүхэд ч андахгүй.
Намын боловсон хүчний шалгуураар бус хөрөнгө мөнгөөр зодоод дээшээ гарч ирэхээрээ өөрийнхөө болон бүлэглэлийнхээ явцуу эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогыг тийш нь залахаа л урьтал болгодог. Улс орон, ард түмний эрх ашиг хөрөнгө мөнгөтэй бүлэглэлийн ашиг сонирхолыг давж гарахгүй нь дэндүү ойлгомжтой. Үр дагавар энэ улс, нийгэмд яаж тусч байгааг ард олон сонгуулиас сонгуулийн хооронд харахаараа нэг болж байна. Тийм учраас л мань 76-г олон хүн хялайх гээд байдаг нь нууц биш. УИХ-ын гишүүдийн тоог 108 болголоо гэхэд мөнгөтэйг нь биш мэдлэгтэйг нь, мафийн эрх ашгийг гүйцэлдүүлдгийг биш Монголын хөгжил дэвшлийн бодлогыг боловсруулах чадвартайг нь сонгогчид харж хүлээх нь дамжиггүй билээ.
Д.Лхагва