-Үндсэн хуулийн өөрчлөлт ба иргэн миний санал бодол-
Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай олон жил яриа болж байж сая хэлэлцүүлэгт орж байна. Ардчилсан нийгмийн үеийн Үндсэн хууль нь иргэдийн санаа бодлыг өргөн тусгасан хамтын бүтээл байх ёстой. Өмнөх Үндсэн хууль иргэдийн олон зуун (450) төлөөллөөр бүрдэж боловсрогдсон чамгүй сайн хууль болсон ч өнөөгийн ардчилсан нийгмийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна гэдэг үндэслэлээр өөрчлөхөд хүрсэн болов уу. Аливаа Үндсэн хууль тухайн улс орон нийгмийн ямар баримжаагаар хөгжих, иргэдиин эрх, эрх чөлөөг хэрхэн хангах асуудлыг олон талаас нь баталгаажуулсан гол баримт бичиг, мөрийн хөтөлбөр мөн. Эдүгээ Үндсэн хуулийн өөрчлөлт нь иргэн миний ажиглалтаар явган өөрчлөлт мэт санагдана. Энэ өөрчлөлт иргэдийн оюун санаа, төрийн түшээдийн ёс суртахуун, тэдний төрийн хэрэгт оролцох үүрэг, хариуцлагатай холбогдсон ямар нэгэн заалт ороогүй юм байна. Иргэд нь төрөө дэмжиж, түшээд нь иргэдээ эрхэм болгоогүй улс оронд ардчилал ном ёсоор үл хөгжинө.
Ардчилал, иргэдийн санаа бодол тэдний язгуур эрх ашгийг цөм болгон төр бодлогоо явуулан тоглолт хийх ёстой. Манайхан зах зээл гэдэг ойлголтын ардчиллыг умартан зах зээлийг олз ашгийн хэрэглүүр болгон өрөөсгөлөөр хөгжүүлж байгаа болно. Ер нь ардчилал гэдэг ойлголтыг дээр дооргүй бүх түвшинд анзаарахгүй буюу анзаарахыг хүсдэггүй бололтой. Тиймээс ямагт зөрчил, тэмцэл хүйтэн цэвдэг хандлага газар авсаар байна. Ардчиллын үнэт зарчим нь “хүн төвтэй нийгэм, хэрэглэгч хаан” гэсэн хууль үйлчилдэг. Тиймээс иргэд наймаачдыг атгандаа, төрийн түшээдийг дуртай цагтаа хоолноос нь салгадаг тийм хууль журам үйлчилдэг байвал сая ардчилал зөв голдиролоор явна. Гэтэл манайд иргэдээ морь нохой мэт үздэг хоцрогдсон дээрэнгүй сэтгэлгээнээс салаагүй байна. Улс үндэстэн бүр уламжлалт ёс зүй (бичигдээгүй хууль) ёс суртахуун (зан заншил)-тай байдаг. Манайд уламжлалт мал аж ахуй, буддын философид үндэслэсэн ёс суртахуун олон зууны турш үйлчилж ирсэн. Язгуур нь хүн хүнээ хайрлах эрхэм суртахуун юм. Энэ зарчим нь ардчиллын зарчимтай яв цав нийцдэг болой. Аль ч нийгмийн үед монголчууд алтан төрийн минь сүлд өршөө гэж залбирч ирсэн байтал өнөөдөр төрөө адалдаг, төр шиг муу юм байхгүй болсон байна. Төрийн ухаангүй мунхаг түшээдийн балгаар ийм болсон ажгуу. Иймээс:
1 .Төрийн түшээдийг насны хязгаараар бус хүмүүнлэг чанар, ямар нэг эрх ашгаас ангид хүмүүсээр бүрдүүлэх нь чухал юм.
2. Бусдыг дуурайх биш уламжлалт зарчмаа үндэс болгон аливаа асуудалд хандах. Монголчууд тэгш тоог төдий л ойшоодоггүй. Их хурал нь 76, Шүүхийн ерөнхий зөвлөл нь 12, Үндсэн хуулийн Цэц нь мөн 12 гишүүнтэй байдаг. Их хурал нь 77, 79 гишүүнтэй, бусад субьект нь 13 байхад болохгүй юм байхгүй. Хугацааг 4, 6, 8 жил гээд байгаа нь тэнцвэрт харьцаа руу шахаж тодорхой үр дүн муу байдаг бололтой. Сунгах болохоор мөн л 6, 8, 12 жил. 7, 9 байж болдоггүй нь юу билээ. Монголчууд 7, 9-ийн тоог нэлээд эрхэмд үздэг. Долоон бурхан одонд 3, 4 сая иргэн цөм багтдаг. Чингис богдын 9 өрлөг, Их засаг хуульд ихэс дээдсүүд ижил захирагдана. Нийгэм журмын үед улс төрийн товчооны 7 гишүүн Үндсэн хуулиар төрийг зохицуулж байв. Богд хаант улсын үед дээд, доод хурал дөрвөн аймгийн хаад л төрийг барьж байсан болно.
3. Нэгэнт батлагдсан Үндсэн хуулиа чанд сахин биелүүлэх асуудалд хайнга хандсан, төрийн зохицуулалттай зах зээлийн тухай заалтыг хэрэгжүүлж чадаагүйгээс үнийн хөөрөгдөлд сөхрөн, ядууралд орж өр ширэнд баригдаж иргэдийн 40 хувь нь ядуу амьдарч ирлээ.
4. Аль нэг нам, сонгууль ашиглаж төрд шургалан ороод, төрийн болоод ард түмний өмчийг завшсан бодлого явуулж баян хоосны ялгаа ихэсч ардчилал байнга зөрчигдөж ирэв. Бизнесийг дэмжих нэрээр Үндсэн хууль зөрчиж, аливаа үйлдвэр хөгжүүлэх сонирхолгүй болгож улс орны хөгжил зогсонги байдалтай явж ирлээ. Энэ мэт олон асуудалд өөрчлөлт орсонгүй.
5. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх хэмжээний тухай өөрчлөлт нэлээд яригдаж байгаа бололтой. Ерөнхий шүүгч, прокурорыг Ерөнхийлөгч томилдгийг болиулж буй нь зөв юм. Ерөнхийлөгчийн хориг, зарлиг бусад удирдамжийн бичиг баримтыг (бүх ард түмнээс сонгогддог учир) зайлшгүй анхаарах учиртай. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгчтэй байх улс тер, эдийн засаг, эрх зүй, ёс суртахууны таатай нөхцөл бүрдээгүй гзж ахмадууд үзэж байна. Японы жишгээр Ерөнхий сайд нь бүхнийг хамаарч уламжлалаа барьсан байх нь зохимжтой мэт санагдана.
6. Үндсэн хуулийн өөрчлөлтийн журмын тухай хуульд хайрцаглагдан дорвитой өөрчлөлт хийхгүй байгаа бололтой. Хэлэлцүүлгийн явцад шашны асуудал заавал хөндөгдөх шаардлага бий болов. Монголд 20 шахам шашны урсгал, 30 гаруй нам ард түмний оюун санааг тарамдуулж зохисгүй байдалд хүргэж байна. Залуус шашны элдэв суртлаас болж амь насаа алдаж байна.
7. Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн үндэсний комиссын эрх хэмжээг өргөсгөх, одоогийн байдлаар тус комисс нь шүүх, прокурорын ажилд анхаарлаа хандуулж, хүний эрхийн түгээмэл тунхаг, иргэдийн эрх чөлөө, амьд явах эрх, зөрчигдөж буй эсэхэд онцгой анхаарч, төр түүний институц байж иргэдийн эрх зөрчигдсөн даруй арга хэмжээ авдаг байх. Нэг үгээр ойлговол Хүний эрхийн үндэсний комисс нь “Ардчиллын цагдаа” мөн. Тиймээс хүний эрхийн асуудлаар хэнд ч хариуцлага тооцох огцруулах, улс төрийн эрхийг эвдэх зэргийг Үндсэн хуульд тов тодорхой оруулах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр иргэдийн өргөдлөөр төдийгүй өөрөө хяналт тавьдаг. Ялангуяа орон нутагт Үндсэн хууль болон бусад хууль зөрчих нь ердийн асуудал болсон байна. Энэ асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Олон улсын жишгээр “Үндсэн хуулийн шүүх” гэж нэрлэх. Намуудын асуудлыг Үндсэн хуулийн Цэц (шүүх)-ээр шийдвэрлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар давхардсан агуулгатай олон нам байгааг анхаарах ёстой. Тэр ч байтугай Үндсэн хууль зөрчиж болзошгүй намууд ч бий болох төлөвтэй (зөвхөн эрх ашиг хөөцөлдсөн) байна.
8. Орон нутгийн засаг захиргааны нэгжийг зах зээлийн жамын дагуу, өргөсгөн цөөлөх, 18 аймаг 150 орчим сумтай, нийслэлийн дүүргүүдийг татан буулгаж хороог бэхжүүлж, эрх хэмжээг өргөтгөж ойртуулан ажиллах боломжийг .хангах, дүүрэг мэтийн дамжуургийн шинжтэй хүнд суртлын, бүтээмж багатай байгууллагын хэрэг юусан билээ. Дүүрэг бол манай уламжлалт нэгж биш (1965 онд 10 сая хүнтэй байсан Москвагийн захиргааны нэгж билээ). Сум дүүргийг цэгцэлснээр орон тооны хэмнэлт гарч иргэдэд ойртон нягтарна. Ялангуяа сумдыг цэгцэлснээр нутаг бэлчээр өргөсч, ЖДҮ хөгжих боломж нэмэгдэж, борлуулалт өснө. Баг хороог хөгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэдэд ойртоно. Нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал ардчиллыг улам бүр “бэхжүүлж иргэдтэй тулж ажиллан санал хүсэлт, эрх чөлөөг бүрэн ханган ажиллах өргөн боломж нээгдэнэ.
Д.ДЭМБЭРЭЛ /Сонгинохайрхан дүүргийн XXIX хорооны иргэн/