УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, даргаар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр), Ажлын хэсгийн орлогч даргаар нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (өөртэй нь зөвшилцсөнөөр), нарийн бичгийн даргаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Л.Болд нар ажиллахаар болжээ.