2019 оны 7 дугаар сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн. Tэр даруйдaa УИХ-ын ээлжит бус чуулганыг нээсэн. Ээлжит бус чуулганаар нийтдээ 14 асуудал хэлэлцэхээс юуны түрүүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм.
Гэхдээ АН-ын хувьд УИХ дахь үнэмлэхүй олонхи дангаараа энэ асуудлыг шийдвэрлэж болохгүй хэмээн эсэргүүцэж байгаа. АН хэдийгээр Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмждэг ч МАН дангаараа энэ асуудлыг шийдэж болохгүй гэдэг өнцгөөс асуудлыг харж, олон нийтэд энэ үзэл бодлоо хатуухан тулгах төлөвтэй байна. Үнэхээр чамбай сайн хуулийн төсөл болсон юм бол заавал нэг намын засаглалын үед хийж болохгүй гэдэг мугуйд ашиг сонирхолоор хандаж болохгүй шүү дээ.
Үндсэн хуулийн өөрчлөлт бол том реформ. Энэ утгаараа улстөрийн намуудын гэхээсээ судлаач, эрдэмтдийн байр суурь хамгийн чухал байна гэж иргэд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, намууд өөрсдийн эрх ашгийн үүднээс өөрчлөлтийн агуулгыг тодорхойлж байгаа бол хуулийн салбарын нэртэй эрдэмтэн судлаачид жинхэнэ шинжлэх ухаанч санал дэвшүүлнэ гэж олон нийт итгэж харж байна. Эрх баригч МАН өөрсдийнхөө талын хүмүүсийг татаад, тэр хүмүүс нь тойрч суугаад намаасаа өгсөн чиглэлийн дагуу төсөл боловсруулсан гэж хардах хүмүүс байна. Гэхдээ бодит байдал дээр үе үеийн нэртэй хуульчид, эрдэмтэн судлаачдын баг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд гар бие оролцсон гэдэг. Мөн УИХ төслийг хэлэлцэх явцдаа Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн саналууд болон төрийн бус байгууллага, иргэдээс дэвшүүлсэн санаануудыг ч хэлэлцэх аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа л юм бол яаравчлах хэрэгтэй болжээ.
Хамгийн гол нь тогтолцооны гажигийг засахын тулд эцэг хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байгааг дээрх дооргүй, хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа биз дээ? Бүгдээрээ хамтраад зориглож шийдэхгүй бол цаг хугацаа урссаар, тогтолцооны гажиг гүнзгийрсээр байх болно.
Д.Дорж