1992 онд АИХ-ын 450 орчим депутатын өнжин хонон хуралдаж, зүйл заалт бүрээр нь уйгагүй хэлэлцэн баталсан шинэ Үндсэн хууль ардчиллын хөгжил, төлөвшил, ард түмний амьдралд түүхэн том үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ аливаа юмс үзэгдэл хувьсан өөрчлөгдөж, тухайн цаг үеийн нийтлэг шаардлагыг хангаж байх нь нийгмийн хууль. Энэ утгаараа 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй хийх ёстой ажил болжээ. Тулгуур хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж зөвхөн өнөөдрийн эрх баригчид, УИХ дахь олонх улайран зүтгээд байгаа гэвэл эндүүрэл. Нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа хуучин гэж болохоор сэдэв.
Хэрвээ 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдвал Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, улмаар Засгийн газар хариуцлагатай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Төр засаг тогтвортой байх нь бодлого тогтвортой байна гэсэн үг. Бодлого өөрчлөгдөхгүй байж чадвал гадаад дотоодын хөрөнгө оруулах нэмэгдэж, эдийн засаг амархан сэхнэ. Хөрөнгө оруулалт эдийн засгийн хамгийн чухал хөшүүргийн нэг гэдгийг захын хүүхэд ч гадарлана. Төр засгийн бодлогын залгамж чанар, Үндэсний хөгжлийн үзэл баримтлалын талаар ярьдаг ч бодит байдал дээр огт хэрэгсдэггүй ийм үед Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудал Ерөнхий сайдын эрх мэдлээс шалтгаалах болоод байгаа юм. Ялангуяа танхим нь 1.6 жилийн настай болсон манай улсад Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлдөг эрх олгох нь зөв гарц гэдэг дээр олон эрдэмтэн судлаач нэгдэж байна. Өнөөдрийг хүртэл сайдыг томилох, чөлөөлөх эрхийг УИХ атгаж байгаа бөгөөд аль ч гишүүн дургүй нь хүрвэл сайдыг огцруулах асуудлыг өргөн барих эрхтэй. Хэдийгээр УИХ тухайн сайдыг огцруулах, эсэхийг хэлэлцээд авч үлдлээ ч гэсэн цааш, цаашдын шантаажны үүд хаалгыг хааж чадахгүй шүү дээ. Нэг ёсондоо улстөрийн ашиг сонирхолоор сайдын суудлыг хардаг байдлыг халах нэгэн гарц нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлт болоод байна.1992 оноос хойш 7 удаа УИХ-ын сонгууль болоход 1992-1996, 2000-2004 онд л Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа гүйцээж байсан юм. Бизнес, улстөрийн бүлэглэлийн бодлогын дагуу явахгүй, эрх ашгийг нь хангахгүй бол УИХ дахь төлөөллөөрөө дамжуулж Засгийн газрыг унагаж, өөрсдийн хүсэл зоригоо гүйцэлдүүлэх ажиллагаа хэрэгждэг. Үр дагаварт нь энэ улс орон, ард түмэн хохироод үлдсэн жишээ хангалттай бий.
Хуулийн төслийг боловсруулагчдын өөр нэг олж харсан чухал санаа бол яамдын тоог Үндсэн хуулиар тогтоож өгөх… 1992 оноос хойш Монголын улстөрийн түүхэнд хамгийн цөөхөн нь 9 яамтай, хамгийн олон нь 16 яамтай байсан. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд МАН, АН ээжлэн, бас хамтарч төр засгийн эрх барьж ирсэн ба тэр тоолонд яамдын тоонд өөрчлөлт оруулж, нэр, хаягнаас эхлээд бөөн зардал чирэгдэл үүсдэг. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталснаар сонгуулиар олонх болсон нам нь бялуу хуваах зарчмаар яамдын тоог нэмэгдүүлэх боломжгүй болно. Салбарын сайдыг томиллоо л бол бүтэц, зохион байгуулалт, өөр дагалдан гарах ажилд цаг алдалгүйгээр асуудал эхнээсээ цэгцрэхэд хялбар гэсэн үг.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч биш Дээд шүүхийн 20 шүүгч томилдог болох талаар хуулийн төсөлд тусгасан нь олон нийтийн зүгээс дэмжлэг аваад байна. Ингэснээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх засаглал улстөрөөс хараат бус болж, шүүгчид хариуцлага хүлээдэг тогтолцоо жинхэнэ утгаараа төлөвшинө гэж харсандаа л хүмүүс дэмжээд байгаа хэрэг. Эрх мэдэлтний тавьсан шүүгч нь эзнээ, түүний бүлэглэлийг хамгаалах бодлого явуулдаг нь ил болсон асуудал гэж улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хэрэв тийм бол шударга ёсыг баталгаажуулахын төлөө эрх мэдэлтний эрх ашгийг хазаарлаж, Үндсэн хуулийг өөрчлөх нь тулгамдсан хэрэгцээ болжээ.
Түүнээс гадна төрийн албан хаагчийн тогтвортой байдлыг хангах маш чухал заалт хуулийн төсөлд байна. Төрийн алба ялсан намын үзэмжээр өөрчлөгдөж ирсэн нь бараг л цагаандаа гарсан үзэгдэл. Өөрийнхөө намдаа хандив өргөснийг, цүнх барьж гүйснийг, эсвэл гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаа төрд шургуулдаг тэр буруу тогтолцооноос болж Монгол төрийн чадавхи суларч, улс орон урагшаа биш хойшоо гишгээд байгаатай санал нийлэхгүй хүн байхгүй дээ. Энэ хазгай жишгийг бүрмөсөн халахыг тулд “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар, төрийн алба хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглохоор, төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох”-оор тус тус төсөлд тусгажээ. Ганцхан жишээ татахад л 2012 оны сонгуулийн дараа нэгэн яамны мэргэжилтэнг эмнэлэгт хэвтэж байх үеэр нь ажлаас нь халж, өөрийн хүнээ оронд нь томилуулж байсан гэдэг. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдвал төрийн мэргэшсэн албан хаагч намын харьяаллаар халагдах айдасгүй болох юм. Намын томилгоогоор яам, агентлагт хуваарилагдаж очсон хүн улсын ажлын учрыг олтлоо даанч нэг удна даа. Сонгууль болгоны дараа “Дээрээс тавьсан нэг амьтан бичиг баримт ч боловсруулах чадваргүй юм” гэх өмнөөс нь нүүр улайм яриа яам болгоноор нэг хэсэгтээ л хэсүүчилдэг нь нууц биш. Тэр “амьтныг” хэзээ ажилдаа дадахаас төрийн ажлын үр дүн хамаарна гээд бод доо. Сонгуулийн дараа ажлаасаа халагдсан төрийн албан хаагч өргөдөл гомдол бариад шүүх рүү гүйдэг үзэгдлийг арилгахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байна гэж ойлголоо. Бас давхар дээлийг хумих, УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгох, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болгох зэрэг олон нааштай заалт хуулийн төсөлд тусгагдсан нь анхаарал татаж байна.
Байгалийн асар их баялагтай баян орны иргэд гэдгээ Монгол хүн бүр мэддэг. Тэр их баялаг цөөн хэдхэн гэр бүлийн эзэмшилд байдгийг ч сүүлийн жилүүдэд ойлгодог болоод байгаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн 6.2-т “Байгалийн баялагийг тэгш шударгаар хуваарилах зарчим”-ын талаар тодорхой тусгасан байна. Нэг ёсондоо Монголын ард түмний байгалийн баялагтаа эзэн суух боломж нөхцлийг Үндсэн хуулиар хангана гэсэн үг. Ядуурлыг бууруулахын тулд байгалийн баялагийн тэгш хуваарилалтын тухай ярихаас өөр аргагүй биз дээ?
Монгол Улс бол парламентийн засаглалтай орон. “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулинд тодорхойлсон байдаг. Тэгсэн хэрнээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн” гэж бас заачихсан. Өөрөөр хэлбэл, парламентийн засаглалтай мөртөө Ерөнхийлөгч нь дутуугүй эрх мэдэлтэй. Төрийн эрх мэдэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван том институцид хуваагдаад, энэ нь тус тусын ашиг сонирхол дээрээ мөргөлдөөд байгааг анзаардаггүй хүн үгүй биз ээ. Хэрэв өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталбал Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар, УИХ-ын ажил руу хөндлөнгөөс хүссэн үедээ ордог байдал өөрчлөгдөх юм байна. Төслийн өөр нэг давуу тал нь Ерөнхийлөгчийн насыг 55 насаар тогтоож, нэг удаа 6 жилийн хугацаатай сонгодог болох ажээ. Хамгийн гол нь институциудын эрх мэдэл, гүйцэтгэх үүргийг тодорхой болгох агуулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс харагдлаа. Аливаа зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөж байж хөгждөг гэдэг логикоор асуудлыг харах нь хамгийн зөв гарц биз ээ.
Дажсүрэнгийн Лхагвадорж