–УИХ дахь олонхийн бүлэг нөхөн сонгуулийг явуулахын төлөө байна-
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуультай холбогдуулж гаргасан Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг хэлэлцлээ.
Улмаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж гишүүдийн олонх үзлээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “ҮХЦ Сонгуулийн хуулийн зарим заалтууд, УИХ-ын холбогдох тогтоол Үндсэн хуулийн зарим заалтуудтай хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлтээ гаргалаа. Гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Харин Сонгуулийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох, Сонгуулийн хууль, сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор цаашид маргаан гаргахгүй байх нөхцлийг улам нарийн тогтвортой бүрдүүлэх нөхцөлтэйгээр нөхөн сонгуулийг явуулах тухай, мөн сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай байна гэж үзэж 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргалаа” хэмээн шийдвэрээ танилцуулж байсныг хүмүүс санаж байгаа байх.
Гэхдээ өнөөдөр УИХ-аас гарсан энэхүү шийдвэрээс үзвэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ямар ч байсан зохион байгуулагдах бололтой. Харин тухайн сонгууль УИХ-аас товлосон 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болох уу, үгүй юү гэдэг асуудал анхаарал татаж байна. Бараг л боломжгүй байх. Харин хэзээ, яаж зохион байгуулах нь одоогоор тодорхой бус. Юутай ч УИХ дахь олонхийн бүлэг нөхөн сонгуулийг явуулахын төлөө байгаа нь тодорхой боллоо.
А.Бат