УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж, АН-д элсч байгаагаа мэдэгдлээ. АН-ын хувьд 2016 оны сонгуулиар УИХ-д 9 суудал авсан ч явцын дунд 2 гишүүнээ эгнээнээсээ алдаж, улмаар парламентад бүлэггүй болсноо зарлах нөхцөл байдал үүссэн билээ. Гэвч О.Баасанхүүг элсүүлснээр дахин бүлэгтэй болох боломжтой боллоо.
О.Баасанхүүгийн хувьд хуульч мэргэжилтэй бөгөөд Н.Энхбаярыг хэрэгт татагдаж байх үед түүний өмгөөлөгчөөр ажиллаж, тэр цагаас хойш нийгэмд танигдаж эхэлсэн юм. 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтад дээгүүр бичигдэж УИХ-ын гишүүн болсон билээ. Түүнийг жагсаалтаар гарч ирсэн азтануудын нэг хэмээн гоочлох нэгэн байсан ч 2016 оны сонгуулиар Орхон аймагт өрсөлдөж МАХН-ын нэр дэвшигчдээс ганцаараа ялалт байгуулсан.
Гэвч тэрбээр нэгэн үе өмнөөс нь гал, усанд ч орохоос буцахгүй явсан намын дарга Н.Энхбаяртайгаа сөргөөцөлдөж, Төрийн ордонд МАХН-ын их хурал гэгчийг зарлан хуралдуулж өөрийгөө намын даргаар сонгуулсан ч Дээд шүүх уг хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзээгүй. Удалгүй мань эр намаасаа хөөгдсөн. Гэхдээ Н.Энхбаяр “Хэрвээ О.Баасанхүү уучлалт гуйвал намдаа эргүүлж авах боломжтой” гэж байсан ч нөгөө том толгойт нь уучлалт гуйх нь бүү хэл өөрийнхөөрөө зүтгэсээр өдий хүрлээ. Н.Энхбаярын хувьд нам нь парламентад суудалтай байх нь ашигтай учраас л тийнхүү “өр зөөлөн” хандсан болов уу. Тэрбээр 2016 онд сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ-ын анхны чуулганы хуралдаан дээр АН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн нь бодлогогүй үг биш байсан нь сая харагдлаа.
Д.Дорж