1992 оноос хойш болсон 7 удаагийн УИХ-ын сонгууль нэг ч удаа хувь тэнцүүлэх буюу пропроцианаль системээр явагдаж үзээгүй. АН мажоритар системийг байнга үгүйсгэж ирсэн ч, эрх барьж байхдаа өөрчлөлт оруулж чадаагүй. “Ганцхан хүний санал илүү авсан нь ялалт байгуулдаг маш буруу тогтолцоо. Доржид 50 хүн, Дулмаад 49 хүн санал өгөхөд Дорж нь ялдаг. Дулмаа санал өгсөн сонгогчид хохирдог шударга бус систем” гэх зэргээр гэж удаа дараа шүүмжилж, гомдоллож байсан. Харин МАН, АН тохиролцсоны үндсэн дээр 2012 оны сонгууль анх удаа 48х28 гэсэн холимог хувилбараар явагдсан юм. Намуудын авсан саналын тоогоор жагсаалтад дээгүүр бичигдсэн азтай гарууд гишүүн болсон доо. Тухайлбал, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, мөн ИЗНН-ын С.Оюун, C.Дэмбэрэл нар ч холимог системийн ачаар гишүүн болж билээ. Харин холимог систем Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт Цэцээс гарсаныг далимдуулж АН, МАН хоёр 2016 оны сонгуулийн өмнөхөн жижигсэгсэн мажоритар системийг батлах хувилбар дээр сэм хуйвалдаж Сонгуулийн хуульд маргаан, эсэргүүцэл дагуулан байж өөрчлөлт оруулж билээ. Үр дүнд нь МАН 65 суудал авч хол тасархай ялалт байгуулсан. Хэрвээ тухайн үед эрх барьж байсан АН сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гээд тас гүрийгээд суучихсан бол намд өгсөн саналынхаа тоогоор лав л есөөс илүү суудал авах байсан юм.
Гэвч одоогийн эрх баригчид 2020 сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд мөн л өөрчлөлт оруулахаар хөдөлж эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж 3 асуудал авч хэлэлцсэний нэг нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн эрх баригчдад ашигтай байдлаар баталдаг практик байсаар ирсэн. Цаашдаа Монгол Улсын эрх ашиг, ард иргэдэд хэрэгтэй хувилбар нь юу байх вэ гэдгийг ажлын хэсэг ярьсан. Дөрвөн хувилбар гаргаж дэвшүүлсэн. Ингээд Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг сонгоод байна. Хуулийг төслийг боловсруулах явцдаа улс төрийн намуудтай хоёр удаа уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гурван хуулийн төслийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст тавьж, иргэд, олон нийтээс нээлттэй санал авахад 234 санал ирүүлсэн. Улмаар Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлэх хувилбар дэмжлэг авсан. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлна. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болно” гэв. Ийнхүү яг нэг жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсыг нэг тойрогт хувааж, намууд 76 хүний нэр дэвшүүлэх хэлбэрээр явагдаж магадгүй боллоо.
Д.Лхагва