УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян, ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй’ гэж үзсэнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа нь гишүүдийнх нь ярианаас илэрхий байлаа. Тухайлбал, гишүүн З.Нарантуяа “Хүүхдийн мөнгө Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого болохоос халамж биш тул үндэсний бодлогоо дэмжээд хүүхдүүдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай” гэсэн юм. Харин 65-ын бүлгийн гишүүдийн хувьд Монголын бүх хүүхдэд сар бүр мөнгө олгох боломжгүй гэсэн байр суурин дээр нэгджээ. Гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа ч эдийн засгийн өнөөдрийн нөхцөл боломждоо тулгуурлаж 80 хувьд нь олгох нь зүйтэй. Өнгөрсөнд хийсэн судалгаанаас харахад 13-17 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байна. Иймд Засгийн газар энэ мөнгийг өрх толгойлсон, орлого багатай айл өрхөд нэмж өгөх бодлого барих шаардлагатай” гэв.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “5000 малтай, 10 малчинтай баян Хүүхдийн мөнгөөр яах юм. Ер нь мөнгө нь багтаж ядсан баячуудын хүүхдэд наад мөнгө чинь илүү шүү’ хэмээн хатуухан өгүүлсэн юм. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэнгүй.