Судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Цэц дунд суудлын хуралдаанаараа уг асуудлыг авч хэлэлцээд Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “ҮХЦ Сонгуулийн хуулийн зарим заалтууд, УИХ-ын холбогдох тогтоол Үндсэн хуулийн зарим заалтуудтай хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлтээ гаргалаа. Гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Харин Сонгуулийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох, Сонгуулийн хууль, сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор цаашид маргаан гаргахгүй байх нөхцлийг улам нарийн тогтвортой бүрдүүлэх нөхцөлтэйгээр нөхөн сонгуулийг явуулах тухай, мөн сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай байна гэж үзэж 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргалаа” гэлээ.
Юутай ч Цэцийн шийдвэрээс хамаарч нөхөн сонгуулийн тов өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Одоогоор АН, МАХН-ын нэр дэвшигчид тодроод байгаа юм. Харин маргааш МАН-аас хэн өрсөлдөх нь тодорхой болно.
Б.Бат