МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо өчигдөр буюу 2019 оны тавдугаар сарын 16-нд хуралдаж Монгол Ардын Намаас санал болгож, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй намын нэр бүхий гишүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тухайлан нэр заан шүүмжлэх болсныг баримттайгаар нягтлан хэлэлцээд тогтоол гаргасан юм. Уг тогтоолд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болголоо’ хэмээн дурджээ.
Түүнчлэн МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож төрийн мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮ-ийг Дэмжих сангаас зээл авч ашигласан гэх УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх асуудлыг түргэтгэж, тэдний сахилга, ёс зүйн тодорхойлолтыг Хяналтын Ерөнхий Хороонд 2019 оны зургадугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн даргад үүрэг болгосон байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намынхаа Хяналтын ерөнхий хороог алдаатай шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа юм. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр бол хоёр гишүүн нь намаасаа үндсэндээ хөөгдөөд байна. Өмнө нь АН үүнтэй тун ойролцоо шийдвэр гаргаад, Ж.Батзандан, Лу.Болд хоёр нь намаасаа гарч билээ.
Д.Болд