УИХ-ын дарга өнөөдөр шинжлэх ухааны байгууллагуудад зочилж, ажил байдалтай нь танилцлаа. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүн 1990 оноос хойш шинжлэх ухааны байгууллагуудаар орж байгаа анхны тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатараас өөр спикер өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарынхны үүдийг сөхөөгүй гэсэн үг. Төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухааны үндэстэй байж улс орон хөгжих нь зүй тогтол. Гэтэл манайд шинжлэх ухааны салбартаа өгдөг төсөв нь АНУ-ийн нэг эрдэмтэндээ өгдөг мөнгөтэй тэнцдэг гэв үү?
Мөнгө төгрөгтэй хүмүүсийг шүтэж, тэдний хандивт дулдуйдаж УИХ-д нэр дэвшүүлэх, төр засгийн өндөр дээд албан тушаалд томилох болсны горыг улс орон, ард түмэн л амсч байгаа. Бодлогоор өндөр мэдлэг боловсролтой эрдэмтэн мэргэдийг зохих суудалд нь залж, төрийн бодлогыг тодорхойлох хэмжээнд ашиглах талаар улстөрийн намууд юу ч хийж ирсэнгүй дээ. Ядаж үгийг нь сонсдог юм уу? Мөнгөтэй хүмүүс аль нэг намд мөнгө хаяж, улмаар тэр аргаараа ард түмний саналыг худалдаж аваад л дээшээ гардаг, эсвэл цүнх барьж гүйдэг намын “үнэнч’ гишүүдэд л өндөр албан тушаалд очих боломж байгаа нь нууц биш. Энэ урвуу тогтолцоогоо хэзээ, ямар аргаар засах юм бэ?
Д.Дорж