УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн гэх хэрэгт нэр холбогдсоноос болоод өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж, түүнийг нь УИХ хүлээж авсан. Тэр бол 2018 оны 6 дугаар сарын 14-нд болсон үйл явц. Гэтэл бүтэн жил өнгөрчихөөд байхад төрийн түшээгийн нэг суудал эзэнтэй болж чадсангүй. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон төрд төлөөлөлгүй нэг жилийг ардаа орхилоо.
Манайд байнгын ажиллагаатай парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн тэр цагаас хойш олон ч удаа нөхөн сонгууль болсон. 1992-1996 онд Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Н.Жанцанноров нар хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан бол 1997-2000 онд УИХ-ын гишүүн Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдож, С.Гончиг өвчний учир, М.Чимэдцэрэн, С.Зориг нар зуурдаар нас барсан учир нөхөн сонгууль болж байлаа.
2000-2004 онд М.Зэнээ, Л.Энэбиш нар нас нөхчиж, нөхөн сонгуулийг шуурхай товлон явуулж байсан. 2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож, О.Энхсайхан таалал төгссөн тул мөн л нөхөн сонгууль болсон. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор түүний сонгогдсон тойрог болох Чингэлтэйд нөхөн сонгууль болж билээ. Дээрх нөхөн сонгуулиуд цаг хугацааны хувьд ямар нэгэн маргаан дагуулаагүй. Яг л товлосон өдрөө болж өндөрлөсөн. Өөрөөр хэлбэл манайд нөхөн сонгууль бол шинэ үзэгдэл огт биш. Ийм хэлбэрийн сонгуулийн ард гарч ирсэн хангалттай туршлага байна. Харин Д.Гантулгын орны хүнийг сонгох асуудал удаж удаж ирэх 6 дугаар сарын 30-нд арай гэж товлогдсон. Сонгуульд өрсөлдөх намууд ч холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, СЕХ-нд бүртгүүлээд байгаа. Гэтэл судлаач Д.Ганхуяг, хуульч Д.Отгонбат нар Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж Цэцэд гомдол гаргав. Өмнө нь яагаад дуугүй байв, яагаад заавал сонгууль дөхсөн үед ийм зүйл хийх болов гэдэг асуулт улстөрийн хүрээнд нэг сэдэв болоод байна. Сонгуулийг тэсэн ядаж хүлээж буй намуудын хувьд дээрх хоёр хүнийг хэн нэгний даалгавраар ийм юм хийлээ гэж үзэж байгаа юм. Болж өгвөл нөхөн сонгуулийг хойшлуулах, бүр цаашилбал 2020 оны сонгууль хүртэл хийхгүй байх ашиг сонирхол цаана нь байна гэж хардаж байна. Гэхдээ Д.Гантулгыг чөлөөлөх тогтоолыг УИХ нэгэнт баталсан тул хүчингүй болгох нь юу л бол. Цэц ч тэрхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж, дүгнэлт гаргахгүй биз ээ.
Д.Дорж