УИХ-ын 2019 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн даруйдаа Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томиллоо.
Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Шүүх эрхзүйн шинэчлэлийн хүрээнд шударга, даацтай, шинэлэг, уян хатан, хүний эрхийг дээдлэсэн, хүнлэг энэрэнгүй зэрэг олон ажлыг санаачлан хийнэ гэж түүнд ийм өндөр итгэл, хариуцлага хүлээлгэв бололтой.
Хамгийн гол нь сүүлийн 30 жилийн турш яригдаж буй хууль эрхзүйн салбарт шударга ёс тогтоох асуудал Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ихээхэн хамаарах болоод байна.
Д.Лхагвадорж