Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг улсын үйлдвэрийн газрын статусаар бүртгэх болсныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэрийн статусыг улсын үйлдвэрийн газар болгосноор, тус үйлдвэрийн захирлыг Засгийн газраас томилно. Харин Монголросцветментийн ерөнхийлөгчийг Төрийн өмчийн хороо томилохоор шийдвэрлэлээ” хэмээв.
Товч мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Тус үйлдвэрийн удирдлага өөрчлөгдөх үү?
-100 хувь төрийн мэдэлд орсон учраас Засгийн газраас Х.Бадамсүрэнг солих уу, үгүй юу гэдгээ шийдвэрлэх байх.
-49 хувийн өмчлөлтэй холбоотой хэрэг юу болсон бэ?
-Энэ зүгээр нэг үйлдвэрийг худалдаад авчихсан зүйл биш. Үүний цаана зах зээлийн нийгэмд “мафи” оршин тогтнох уу, үгүй юу гэдэгт төр хариулт өгөх асуудал үүсээд байгаа юм. 49 хувийн өмчлөлтөй холбоотой хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нарийвчлан шалгах шаардлагатай байгаа. Шүүхийн байгууллага эл хэргийг будлиулаад байгаа. Энэ бол ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эзнийхээ төлөө үнэнч шийдвэр гаргаж байгаагийн илрэл. Миний ярьсан бүх зүйл баримттай. Улсын мөнгөөр үйлдвэр худалдаж авсан нь үнэн. Монголын хамгийн өнгөтэй бүхэн энэ “мафи” бүлэглэлийн гарт орсон. Би ард түмэн ялна гэж хэлж байсан. Олон жилийн хулгай луйврыг тэсэхээ больж, ард түмэн сэрж байна.
-Эрүүгийн цагдаагийн газар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна?
-Хэвлэлд гараад байгаа мэдээллийг харсан. Зарим нэг галерейд байсан зургийг хурааж авсан гэсэн.
–С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан хүмүүсийг хорьсон гэсэн мэдээлэл байна?
-Дээрх хэргээр эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан болох нь тодорхой болсон. 37 оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болсон байна билээ. 37 он сэргэснийг нүдээрээ үзлээ. Дахиж ийм зүйл гаргахгүй байхын төлөө тууштай тэмцэнэ. Энэ бүхнийг зохион байгуулсан гурван хүнийг хорьсон. Сайдын ажил авсныхаа дараа би нэг хүнийг ажлаас халсан. Тэр хүнийг хуулийн байгууллага шалгаж байна. С.Зоригийн хэргээр ял эдэлж байгаа хоёр хүнтэй би өөрийн биеэр очиж уулзсан юм. Хорих ангийн хүйтэн өрөөнд ямар хэцүү байгааг нь үзсэн. Тэднийг эмнэлэгт шилжүүлсэн. Тэнд байлгаж байгаад суллуулахын төлөө явна. Тэдний гэр бүлээс ХЗДХ-ийн сайдын хувьд уучлал хүсэж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй. Одоо бол уучлалт гуйя.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч олдох уу?
-Захиалагчийг олох биш бүр будилуулсан. Мөнгөтэй хүмүүсийн нөлөөтэйгөөр тодорхой хүмүүс рүү чиглүүлсэн байна. /МОНЦАМЭ/