Төрийн эрх барих байгууллагын тэргүүн огцорч Монгол түмэнд шударга ёсны сайхан цаг ирсэн мэт. Гэвч хамгийн их орилсон хүмүүс маань харин хэр шударга байж ард түмний амьдралыг дээшлүүлэх юм бол доо. Зарим хашир хүмүүс УИХ-ын даргыг огцруулдаг хуулийн нэн шинэ заалт Монголын төрийг барьцаалах шантаажлагчдын бас нэгэн боломж болон өргөжих вий хэмээн болгоомжилж байна. Өнөөдрийн эрх баригчдад зусардаж, намын байраа сахиж гүйсний хүчинд мэдлэг боловсрол муутай хүмүүс дарга болж улсаараа хохирч байна. Ийм л дүр зураг өнөөгийн нийгмийн гол зураглал.
Зарим “шударга” нь Английн парламенттай өөрсдийгөө жиших юм. Тэд бол манай УИХ-ын гишүүдийн хажууд харин ч бага эрх мэдэлтэй гэдгийг мэддэггүй бололттой. Харин манай парламентийн гишүүд амандаа орсноо бурж, үр дүнтэй олигтойхон ажил хийхгүй байна. УИХ-ын гишүүд дорвитой ажил хийхгүй, өөр өөрсдийн эрх ашгаараа хуваагдаад байгаа болохоор Монгол улс засаглалын гүн хямралд ороод байгаа юм. Хамгийн их шантааж байгаа учраас л хамгийн бусармаг зүйл болоод байгаа гэдгийг энэ тогтолцоо харууллаа.
Баяртай М.Энхболдоо. Санаандаа хүрсэн “жаалууд” одоо Монгол төрийг маань бүү самраасай, ярьсан хэлсэн, тэмцсэн шигээ шударга ажиллаасай гэж залбирах үлдлээ. Хэрэв чадахгүй энэ УИХ магадгүй хамгийн хэврэг парламент болон хувирч төр маань өдөр ирэх бүр туйлдан унана. Монголын ард түмэнд идэх хоолноос илүү ёс зүйтэй, шударга, эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэл нь чин үнэнээсээ зовдог тийм л улстөрчид хэрэгтэй.
Д.Бат