Сүүлийн жилүүдэд манай өсвөр насныхны дунд хэт халуун ногоотой, амтлагч ихтэй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд ихээхэн түгээмэл хэрэглэгдэж байна. Эдгээр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байгаа ч олон хүүхэд, өсвөр насныхан энэ төрлийн бүтээгдэхүүнд донтож, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байгаа нь эрсдэл дагуулах болоод байна. Энэ удаагийн сурвалжлагаар бид бодит хэрэглэгчид, эцэг эхчүүдийн санал бодол, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг багтаан хүргэж байна.
Чанарын баталгаагүй хүнсэнд донтсоноо хүүхдүүд хүлээн зөвшөөрөв
Бид нийслэлийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жижиг судалгаа хийж, тэдний амралтын цаг болон хичээлийн дараа ямар хүнс ихэвчлэн хэрэглэдэг талаар асууж тодрууллаа. Сурагчдын дийлэнх нь амтлаг, халуун ногоотой хатаасан мах, шарсан чипс гэх мэт урд хөршөөс оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгож иддэгээ хэлж байлаа. Тэд энэ төрлийн хүнсний амт, үнэрт ихээр татагдаж, бараг өдөр бүр иддэг хэмээн хариулцгаав. 14 настай сурагч О.Энхжин “Бараг өдөр бүр сургууль дээрээ эсвэл гэртээ ийм амттай зүйл иддэг. Өдөрт 2-3 уутыг ч идэх тохиолдол бий. Амт нь их таалагддаг болохоор зогсохоо мэдэхгүй идчихдэг” гэж хуваалцлаа. Энхжин энэ төрлийн бүтээгдэхүүнд ихээр татагдаж, донтсон гэдгээ өөрөө ч ойлгож байгаа ч татгалзах хүсэлгүй байгаа нь анзаарагдаж байв.
16 настай Н.Тэмүүлэн хэлэхдээ “Хичээлийн завсарлагаанаар найзуудтайгаа хамтдаа л ийм шарсан дүпү, чипсийг уут уутаар нь иддэг. Заримдаа хоолны оронд ч хэрэглэдэг. Бидний хувьд энэ нь нэг төрлийн зугаа болчихсон. Найзууд маань ч байнга иддэг болохоор хэвийн зүйл шиг санагддаг” гэлээ. Тэмүүлэнгийн хэлснээс үзэхэд энэ төрлийн хүнс нь сурагчдын дунд “өөрийнхөө оронд хооллох” түвшинд хүрээд байгаа нь харагдаж байна.
Эцэг эхчүүд санаа зовж байгаа ч хүүхдүүдээ холдуулж чадахгүй байна
Энэ асуудлын талаар зарим эцэг, эхчүүд ч санаа зовж байгаа ажээ. 40 настай Д.Наранцэцэг “Миний охин 13 настай. Сүүлийн үед энэ амтлагчтай хатаасан хүнс, чипсийг өдөр бүр идэх болсон. Гэртээ хичээлээ хийхдээ хүртэл иддэг бөгөөд хоолны дуршил нь буурч, жин нь нэмэгдэх болсон. Эмчид үзүүлэхэд элэг, бөөрөнд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж анхааруулсан. Үнэхээр санаа зовж байна” гэсэн бол 46 настай Г.Батмөнх “Манай хүү сүүлийн үед их халуун ногоотой хүнс хэрэглэдэг болсон. Үүнийгээ өдөр тутмын хоолны нэг хэсэг болгочихсон. Би хүүтэйгээ ярилцаж, хортой гэдгийг нь ойлгуулахыг оролдсон ч хэцүү байна. Найзууд нь бүгд ийм зүйл иддэг гээд зөрүүдэлж байгаа” гэж хэлэв. Түүний ярьснаас харахад, хүүхдүүд найз нөхдийнхөө нөлөөнд ихээр автаж, уг хүнсний хэрэглээг хэвийн гэж үздэг болсон нь тодорхой байна.
Мэргэжилтний дүгнэлт
Хоол тэжээлийн мэргэжилтэн, эрүүл мэндийн боловсролын багш Л.Болормаа энэ талаар дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Энэ төрлийн хүнс нь натри, химийн нэмэлт бодис ихтэй, амт оруулагч ихээр агуулсан байдаг тул хэт их хэрэглэвэл эрүүл мэндэд олон сөрөг үр дагавартай. Хүүхдийн бие махбодь химийн нэмэлт бодисыг гүйцэд задлах чадваргүй байдаг учраас элэг, бөөрний үйл ажиллагаа хямрах, хоол боловсруулах эрхтэн системд гэмтэл учрах, дархлаа суларч, арьсны харшил үүсэх гэх мэт аюултай. Цаашилбал, тогтмол хэрэглэвэл хорт хавдар үүсэх эрсдэл ч нэмэгдэж болно” гэж анхаарууллаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Эцэг, эхчүүд, багш нар хүүхдүүдэд эрүүл хооллолтын ач холбогдлыг ойлгуулах шаардлагатай. Хүүхдүүдийг ийм хүнснээс татгалзахад нь туслахын тулд зөв хооллолт, эрүүл хүнс сонгох дадал хэвшлийг бага наснаас нь эхлэн төлөвшүүлэх нь чухал. Мөн сургуулийн орчинд ийм төрлийн хүнсний хэрэглээг хязгаарлах нь үр дүнтэй арга хэмжээ болно” гэв.
Эрүүл мэндийн эрсдэлүүд
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар, хэт халуун ногоотой, давслаг, химийн нэмэлттэй хүнсийг тогтмол ихээр хэрэглэх нь дараах эрсдэлүүдийг үүсгэж болно: • Цусны даралт ихсэх: Өндөр хэмжээгээр агуулагддаг натри нь цусны даралтыг нэмэгдүүлж, зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй. • Элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдах: Химийн нэмэлт бодис, өндөр давсны хэрэглээ нь элэг, бөөрний үйл ажиллагааг хямрааж, хорт бодисын хуримтлалыг үүсгэдэг. • Хэт таргалалт: Хэт их тослог, калоритой хүнс нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлж, хэт таргалалтад хүргэх эрсдэлтэй. • Хорт хавдрын эрсдэл: Химийн амт оруулагч болон будагч бодисууд нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй. Эцэст нь Өсвөр насныхны дунд өргөн хэрэглэгдэж буй эдгээр хортой хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн олон асуудлыг бий болгож, нийгэмд бодит аюул заналхийлэл болж байна. Энэ нь зөвхөн нэг хүүхдийн асуудал бус, нийт нийгэм, олон нийтийн эрүүл мэндийн асуудал юм. Иймд эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, эрүүл мэндийн байгууллагууд хамтран хүүхдүүдийг ийм хүнснээс татгалзуулж, зөв хооллолт, эрүүл хэвшлийг бий болгоход чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй. Хүүхдүүдийн ирээдүйн эрүүл мэндэд анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоо, идэвхтэй арга хэмжээ хамгийн ихээр шаардлагатай байна.
Жирийн иргэн бус мэргэжлийн эмч, судлаачид ийнхүү тайлбарласаар байтал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг яагаад хил гаалиар оруулж ирээд байна вэ?
МУИС-ийн оюутан Б.Нарансолонго