Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын Сууц Өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран орон сууцны хорооллын барилга, байгууламжийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн удирдлага, ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг нээж тэргүүн дэд дарга, хурандаа А.Алтансүх үг хэлж, амжилт хүслээ.
Сургалтын хүрээнд орон сууцны хорооллын барилга байгууламжид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, хяналт, шалгалт хийсэн үр дүн, галын аюулгүй байдал, анхаарах зарим асуудал, орон сууцны барилга байгууламжийн гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Нийслэлийн Онцгой байдлын газраас орон сууцны хорооллын гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Хамтдаа сэргийлье” аяныг өрнүүлэн ажиллаж байна.
Аяны хүрээнд нийслэлийн орон сууцны хорооллын барилга байгууламжид хяналт шалгалт зохион байгуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийн, орон сууцны хорооллын айл өрхөд аюулгүй байдлаа хангах мэдлэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр хүргэж байгаа юм.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар удирдлага, ажилтан, албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, орон сууцны хорооллын барилга байгууламжид гарч буй гал түймрийн тоо, хохирол буурах ач холбогдолтой юм.
Сургалтын төгсгөлд “Хамтдаа сэргийлье” аяны хугацаанд оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад “Сайн туршлага”-ыг нэвтрүүлсэн СБД-ийн 3-р хороо “Зөгийн үүр”, 11 дүгээр хорооны “Тохилог Хангай”, ХУД-ийн 15р хороо “Цэнгэлдэх өргөө” СӨХ-г “Евро Ази” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр урамшууллаа. Дээрх сургалтад нийслэлийн Сууц өмчлөгч холбоодын 350 гаруй төлөөлөл оролцлоо.