Хүний папиллома вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдар анхаарал татаж байгаа юм. Монголд энэ өвчний шалтгаант нас баралт эхний гуравдугаарт орж байна.
Уг өвчнөөс урьдчилсан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хүний папиллома вирусын эсрэг вакцин. Энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх зорилготой сургалтыг өнөөдөр ЭМЯ-наас зохион байгууллаа.
Эрүүл мэндийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамрагдсан уг сургалт дээр мэргэжлийн эмч нар тодорхой баримт, нарийн судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл өглөө. Тухайлбал, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Пагма “ХПВ-ийн халдвар гэж юу вэ? Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийсэн бол ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд “ХПВ-гийн эсрэг вакцин, бодлого, эрхзүй, зохион байгуулалт”, ЭМЯ-ны Эрүүл мэндийн мэдээлэл, цахим хөгжлийн хэлтсийн дарга Э.Мягмар-Өлзий эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийг хэрхэн түгээх, цахим систем ашиглах талаар тус тус мэдээлэл хийв.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэнд, бодлогын газрын дарга Л.Баттөр олон нийтэд эрүүл мэндийн сэдэвтэй мэдээлэл түгээхэд эрүүл мэндийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа ямар чухал үр нөлөөтэйг онцлов.
Мөн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэдтэй харилцах менежмент” сэдвээр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны үүсгэн байгуулагч Б.Ундрах мэдээлэл хийсэн бол “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төлөө төв”-ийн сургагч багш Ц.Тамир хуурамч мэдээллийн хор уршиг, түүнийг бууруулах арга замыг танилцууллаа.
Сургалтын хүрээнд цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн томуугийн тандалтын албаны дарга Ж.Нямсүрэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Д.Лхагва