Пүрэв гарагт буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад баяр хүргээд, Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.
Д.Трампыг сонгуульд ялсны дараа анх удаа мэдэгдэл хийхдээ, өнгөрсөн 7 дугаар сард Пенсильвани муж улсад болсон цуглааны үеэр амь насанд нь халдахыг оролдох үеэр өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ харуулсан хэмээн В.Путин онцолжээ. “Миний бодлоор тэр өөрийгөө эр хүн шиг зоригтой, зөв байдлаар харуулсан. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэе” гэж В.Путин Сочи хотод болсон Валдай клубийн уулзалтын үеэр хэлсэн байна.
Сонгуулийн суртачилгааныхаа үеэр Украины тухай, мөн Орос, Америкийн харилцааг сэргээх талаар Д.Трамп зүй ёсоор анхаарал хандуулах ёстой үг хэлсэн гэж В.Путин онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол 24 цагийн дотор Украинд энх тайван тогтоож чадна гэж Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан ч Дэлхийн II дайнаас хойших Европ дахь цэргийн хамгийн том мөргөлдөөнийг хэрхэн зогсоох гэж байгаагаа дурдаагүй юм.
Хэрэв Д.Трампаас уулзалт хийх санал гаргавал яах вэ гэсэн асуултад В.Путин Д.Трампын засаг захиргаа хүсвэл харилцаагаа сэргээхэд бэлэн, Трамптай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.
Орос улс АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа ч “бөмбөг одоо Вашингтоны талд байна” гэж В.Путин онцлон тэмдэглэжээ. Тэрбээр Хятад улс Оросын “холбоотон улс” гэдгийг мөн онцолсон байна гэж МОНЦАМЭ уламжиллаа.