Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой,
Монгол бахархлын өдөрт
Их Эзэн Чингис хааны үр сад, хойч үе, элэг нэгт ахан дүүстээ Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Найман зууны тэртээ 1162 онд Их Эзэн Чингис хаан мэндлэн, хүн төрөлхтний түүхнээ тодорсон эзэнт гүрнээ байгуулж, өнөөгийн дэлхийд эмх журмыг тогтоож, энх амгалангаар засаглаж, омогшин бахархах түүх, үеийн үед эрхэмлэн нандигнах үнэт зүйл, төрт ёс, өв соёлыг үр хойч бидэнд үлдээжээ.
Их Эзэн Чингис хааны алсын хараа, холч ухаан, засаглах чадвар, манлайлал дор Монгол Улс хамгийн агуу эзэнт гүрэн болсон нь дэлхий дахинаа зуун дамжин дуурсагдаж, төр барих, түмэн олноо удирдах үзэл санаа нь үеэс үед суралцах, судлах яндашгүй их түүхэн сурвалж болсоор байгаа нь бахархалтай.
Их Эзэн Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахдаа ахлагчаа дундаасаа чадахуйн зарчмаар сонгодог аравт, зуут, мянгатын зохион байгуулалт бүхий удирдлагын стратеги ашигладаг байсан нь орчин цагийн хамгийн шилдэг менежментийн жишиг аргачлалын нэг болсон. Их Эзэн Чингис хаан төрийн үйл хэргийг явуулахдаа мэргэдийн зөвлөгөөг тулах Сэцдийн зөвлөл, хамтын шийдвэр гаргах Их хуралдайтай байсан нь эл цагийн парламентат ёсны зарим шинжийг агуулж байв.
Бид өнөөдөр Их Эзэн Чингис хаанаас улбаатай төрт ёсны уламжлалаа хадгалсан, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд бүрдсэн шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх түүхэн цаг үед байна. Монгол Улсын Их Хурал Их Эзэн Чингис хааныхаа захиас, үлгэрлэн дагах билиг сургаалыг ямагт санаж, эрдэмтэн мэргэд, олон түмний оролцоотой, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ил тод, нээлттэй, хүртээмжтэй, ёс зүйтэй, хариуцлагатай парламентыг төлөвшүүлэх эрмэлзэл дүүрэн байна.
Суут хүмүүний үр хойч монголчууд бид бахархалт түүх, эрхэм үнэт зүйл, өв соёлоо нандигнан хадгалж, хөгжил дэвшилд хамтаар зорьж Монгол Улсаа бадраах учиртай.
Эх түүх, их хүмүүнээр бахархан, ах дүүс, өрх бүл, анд нөхөд, анги, хамт олноороо Монгол бахархлын өдрийг утга төгөлдөр тэмдэглэж, үр хойчдоо залгамжлуулах өнөө цагийн сайхан түүхийг хамтдаа бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх хөх тэнгэрийн ивээл оршиж Их Эзэн Чингис хааны суу алдар өнөд бадрах болтугай.
Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан
2024.11.02
Улаанбаатар хот