Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах боломжийг бүрдүүлэх, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр болон түүнд тусгасан 14 мега-төслийн хэрэгжилт, түүний явцын талаарх мэдээллийг төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/ хуудсаар дамжуулан танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг авах, хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхлэхийг үүрэг болгов.
Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн системд дахин давтагдах шинжтэй болон өмнө нь шийдэгдэж байсан асуудлаар иргэдийн хандалтад шууд хариулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зааварчилгаа өгөх боломжийг хиймэл оюун ухаанд суурилж бүрдүүлэх нь зүйтэй гэлээ.