Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүс соёлд суралцахгүй бол өдрөөс өдөрт орлогоо алддаг нь зах зээлийн хууль. Өнөөдөр цүнхнийхээ цахилгааныг солиулахаар “Цүнхний цахилгаан солино, гутал засна” гэсэн хаягтай подваль руу орлоо. Эхнэр, нөхөр бололтой хоёр хүн байна. “Сайн байна уу?” гэвэл нэг нь ч дуугарсангүй. Өөдөөс ч харсангүй. “Цүнхний цахилгааны толгой нь хугарчихлаа. Засах уу?” гэвэл эмэгтэй нь “5000 төгрөг” гэж ууртайхан хэлж бна. “Ийм жижиг засвар хийхэд үү?” гэвэл “Тэгвэл өөр газраар янзлуул” гэж хээв нэг уцаарлаж байх юм. Ийм харилцаа, хандлагатай хүмүүст хэн орлого оруулахыг хүсэх билээ. Гараад урд талын худалдааны төв рүү орвол оёдол, эсгүүрийн лангуу байна. “Цүнхний цахилгаан оёх уу” гэж асуувал махлаг ягаан хүүхэн “Оёхгүй ээ” гэж бас л уурлаж байх юм. Орлогодоо ханаад тэр үү, эсвэл үйлчилгээний соёл гэдгийг огт мэдэхгүй болоод тэр үү?! Гайхсан би “Та нар чинь үйлчилгээ үзүүлж орлого олдог хүмүүс байж ямар хачин харьцаатай юм бэ?” гэвэл өнөө “найз” маань “Би чамд оёхгүй гэж хэлээд бгаа биз дээ” гэж чангаар орилов. Хүмүүсээс санаа зовж бгаа ч шинж алга. “Ийм бүдүүлэг, ухамсар дорой хүмүүсээр ямар хүмүүс үйлчлүүлдэг байна вэ” гэж бодоод хурдхан шиг холдов. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хувийн болон үйлчилгээний соёлд суралцаж, нийгэмшиж байж иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой шүү дээ!
БЗД-ийн иргэн Х.Долгормаа