УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламентын сонгууль түүхэндээ анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, та МАН-аас нэг номерт жагсаж УИХ-ын гишүүн болсон. Өмнө нь та Засгийн газрын үйл ажиллагааг их шүүмжилдэг байсан. Дотор нь ороод ажиллахад ямар байна?
-Би өмнө нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байсан. Өөрийн хөтөлдөг блогтоо нам харгалзахгүй буруу болон зөв шийдвэр, шийдлийн талаар санаа бодлоо хуваалцаад явдаг байсан. МАН-ын тавьсан саналыг зөвшөөрч, жагсаалтын нэгдүгээрт жагсаж УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болж дотор нь ороход манай улс бүхий л шатандаа эх орноо хөгжүүлэх юмсан гэсэн бодолтой, түүний төлөө хичээж байгааг биеэр мэдэрч байна.
Харин хоорондоо ойлголцолд хүрч, бүрэн хамтарч ажиллаж чадахгүй тал харагдаж байна. Үүнээс үүдэж салбар хоорондын уялдаагүй байдал үүссэн гэж харсан. Тиймээс энэ олон жил тогтсон энэ салбар, яам, орон нутаг хоорондын уялдаагүй байдлыг нэгтгэх хэрэгтэй. Миний хувьд энэ ажлыг хийхийн төлөө тодорхой зүйл хийж чадна гэж бодож байна. Жишээлбэл, Нийслэлд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, авто замын мастер төлөвлөгөө, нийтийн тээврийн ерөнхий төлөвлөгөө зэргээр их олон төрлийн төлөвлөгөө байдаг. Гэтэл эдгээр нь хоорондоо уялддаггүй. Тиймээс нэг төлөвлөгөөтэй болж, хоорондын уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Би УИХ-ын гишүүн ч гэсэн мэргэжлийн ур чадвараа улс оронд хэрэгтэй байдлаар ашиглахын тулд улс төрийн тогоонд орох ажлыг хийж байгаа. Гишүүдтэй уулзаад хот төлөвлөлтийн талаарх ойлголтыг өгч, ярилцаад явж байна. Уулзаад явахаар хүн бүхэн л Улаанбаатар хотын асуудлуудыг шийдэхийг хүсэж байна. Гэвч харилцан ойлголцолгүйн улмаас эдгээр ажлууд гацдаг юм болов уу гэж анзаарсан. Тиймээс үр дүнд суурилсан нэгдсэн нэг төлөвлөгөөтэй байж үүндээ зориулан төсвөө тусгаад явъя гэдэг саналыг гаргаж байгаа.
-Одоо 2025 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг та хэрхэн харж байна?
-УИХ-ын гишүүн болоод нэг зүйлийг мэдэж авсан. Тэр нь манай улсын төсөв, төлөвлөгөө үр дүнд суурилдаггүй юм байна. 2025 оны төсвийг одоо хэлэлцэж байна. Төсвийг зарцуулж буй зүйлсэд зорилт, зорилго гэж байдаг. Тэгвэл түүнийгээ хэмжих шалгуур үзүүлэлт байх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл нь. Гэтэл төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээ буруу тавьчихсан жишээ олон байна. Жишээлбэл, Эрчим хүчний яаман дээр цахилгааны шөнийн хөнгөлөлттэй тарифад хамрагдах өрхийн тоо гээд байгаа юм. Шалгуур үзүүлэлт нь тус хөнгөлөлтөд хамрагдаж буй өрхийн тоо гэсэн байна. Гэвч шалгуур үзүүлэлт нь агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулсан талаар байх ёстой шүү дээ.
Бид утааг бууруулахын тулд нүүрс түлүүлэхгүй байхын төлөө цахилгааны үнийг хөнгөлөөд байна. Гэтэл шалгуур үзүүлэлт буюу үр дүнгээ хэмжих зүйл дээрээ “Аль болох олон хүнийг цахилгаанаар хангана” гэсэн байна. Мөн Соёлын яаман дээр адил жишээ бий. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн зорилт бүхий ажил байгаа юм. Шалгуур үзүүлэлт дээрээ соёлын салбарт ажилладаг хүмүүсийн хувь хэмжээг бичсэн байна. Тэгвэл үүний оронд ДНБ-д эзлэх соёлын салбарын хувь гэдэг байдлаар зорилтоо тавих ёстой. Гэтэл иргэдийн 20 хувь нь соёлын салбарт ажиллах ёстой гэчихсэн. Таван хүний нэг нь дуулж, хуурдах ёстой болж байна шүү дээ. Үүнээс харахад шалгуур үзүүлэлт нь логикийн хувьд алдаатай байна. Тиймээс үүнийг зөв төлөвлөх ёстой. Ингэхийн тулд эхлээд үр дүнгээ тавиад дараа нь түүндээ хүрэхийн тулд ямар төсөл, хөтөлбөр хэчнээн төгрөгөөр хэрэгжүүлэхээ тавьж, түүнийгээ хэмжиж ажиллах ёстой гэсэн үг. Ямар үр дүн хүлээж байна яг түүндээ л төсвөө зарцуулмаар байна. Тойрогтоо ийм зүйл хийчих юм сан гэдэг байдлаа больж нийгэмд хэрэгтэй үр дүнд хүрэх зүйлүүдэд төсвөө зарцуулья. Мөн дунд хугацаандаа бид мөн төсвөө төлөвлөдөг байх хэрэгтэй.
Жишээлбэл, том төслүүд манайд 10 гаруй жил гацсан шүү дээ. Тэгвэл энэ жил энэ төслийг хөдөлгөе гээд 10 хувийн төсвийг нь тэр жил олгочихдог. Гэтэл дараа жил нь түүнийг үргэлжлүүлэх мөнгө байхгүй байдаг. Үүнээс үүдэж том төслүүд гацдаг. Тиймээс аливаа төслийн төсвийг дунд хугацаандаа буюу 3-5 жилээр төсөвлөж чадвал амжилттай хэрэгжих магадлал нь өснө. Мөн үр дүнд суурилсан төсвийг бий болгох хэрэгтэй байна. Энэ хоёрыг хийвэл төр засаг солигдсон ч төслүүд маань урагшлаад явна.
Таны хувьд Японы Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай. Энэ нь улс төрийн ажилд тань дөхөм байгаа байх?
-Засгийн газрын ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний ажлын хэсэгт би орж ажилласан. Би өмнө нь Японы Засгийн газрын бодлогын баримт бичиг дээр ажиллаж байсан. Тиймээс шалгуур үзүүлэлтүүдийг яаж тогтоодгийг мэддэг болохоор ажлаад үзье гэж бодсон. Гэтэл яамдуудын боловсруулсан ажлын шалгуур үзүүлэлтүүд нь логикийн алдаатай байсан. Өөрөөр хэлбэл, мөнгө үрэх нь зорилт болчихсон төсөл хөтөлбөрүүд байгаад байна. Энэ алдааг арилгахаар ажлаа эхлээд явж байна. Ирэх дөрвөн жилд салбар хоорондын уялдаа болон үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт дээр анхаарч ажиллана. Мөн өөрт оногдсон үүрэг даалгаврыг хариуцлагатайгаар биелүүлнэ.
-Улс төрч байхад хүндрэлтэй зүйл нь юу байна?
-Өнөөдрийн байдлаар хүндрэлтэй зүйл алга. Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр ачаалалтай ажилласан. Тодруулбал, ирэх дөрвөн жилийн Засгийн газрын хөтөлбөр зохиоход ажлын хэсэгт нь орж ажилласан. 24 цаг хуралдах зэрэг ачаалал ихтэй байсан ч өмнө нь иймэрхүү ачаалалттай ажилладаг байсан болохоор харьцангуй гайгүй байсан. Мөн тараагдаж байгаа хуулийн төсөл зэрэгтэй цаг алдалгүй танилцдаг. Чуулган болон байнгын хорооны хуралтай тохиолдолд компьютероороо dparlament-руу ороод хардаг. Аль болох бүх ажлыг амжуулахыг хичээж байна. Манай улсад тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжууд харагдаад байгаа учир ажилдаа дуртай байгаа. Төр түмнийхээ төлөө зүтгэх нь таалагдаж байна.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин