Умард Солонгосын цэргүүдийг Орос руу илгээж байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа АНУ, Япон, Өмнөд Солонгосын аюулгүй байдлын зөвлөхүүд илэрхийлжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Акиба Такэо, Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шин Вон Сик нар Вашингтонд хэлэлцээ хийсэн гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна.
Ж.Кирбигийн хэлснээр, цэргүүдийг байршуулсан нь Умард Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг илэрхийлж байгаад санал нэгдэж, ийм үйлдлээ зогсоохыг хоёр улсад уриалжээ. Орост Умард Солонгосын 3000 гаруй цэрэг байрлаж байж магадгүй гэж Ж.Кирби мэдэгдсэн байна.
Умард Солонгосын цэргүүд цаашид ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй хэвээр байгаа боловч тэдний заримыг Оросын баруун нутгийн Курск мужид байрлуулах магадлалтай гэдгийг тэрбээр онцлоод, Вашингтон нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна хэмээн хэлжээ Ройтерс мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.