Түүх сөхөе. 1996 оны УИХ-ын сонгуулиар МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Засгийн газраа ч дангаараа бүрдүүлэв. Гэвч ердөө хоёрхон жилийн дараа М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан юм. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин бус өөрсдөө танхимаа тараачихсан. Энэ нь ардчилсан хүчин дотоод зөрчилдөө идэгдсэний яруу тод илэрхийлэл байлаа. Дараагийн Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах эрхийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын фракц хэрэгжүүлж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон ч М.Энхсайханы танхимаас ч богино насалсан билээ. Энэ нь мөн л “Ардчилсан холбоо” эвслийн бусад бүлэглэлүүдийн хагарлын үр дагавар байлаа. Энэ дотоод зөрчил илаарших нь бүү хэл улам даамжирч Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулснаар үргэлжилсэн юм. 2000 оны сонгуулиар ардчилсан хүчнээс ганцхан Ж.Наранцацралт сонгогдож билээ.
Ардчиллын төлөөх намууд тус тусдаа улстөр хийгээд явцгүйг ухаарсан ардчилагчид 2000 оны сонгуулийн дараа нэгдэн нийлж өнөөгийн Ардчилсан Намыг үүсгэн байгуулсан юм. Анхны даргаар нь Д.Дорлигжав сонгогдов. Гэвч дотоод дахь маргаан зөрчилдөөн нь М.Энхсайханыг намын даргаар сонгогдох хэмжээнд хүргэв. М.Энхсайхан 2004 оны сонгуульд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын МАШСН-тай хамтран “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан сонгуульд оролцоод 76 суудлын 33-д нь ялалт байгуулж дөнгөв. Гэвч сонгуулийн өмнө ил харагдаж байсан М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын зөрчил сонгуулийн дараа бүр ширүүсч “Эх орон-Ардчилал” эвслийг тараах хэмжээнд хүрсэн билээ. Улмаар Р.Гончигдорж АН-ын даргаар сонгогдож, М.Энхсайхан намын даргын тамгаа авч зугатаасан хэмээн буруутгагдаж байв.
Ер нь АН-ын зөрчил бүх цаг үед байсаар ирсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш намын даргагүй явж ирсэн тус намын хагаралдаан 2023 оны 2 дугаар сарын 09-нд Лу.Гантөмөрийг Дээд шүүх АН-ын даргаар бүртгэж авснаар намжсангүй. 2024 оны сонгуульд бөөн хэрүүл маргаантай орсон нь өнөө хэр сонгогчдын нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдож байгаа нь лав. Намынх нь гишүүд нь Лу.Гантөмөрийн эсрэг жигүүр байгуулж сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө АН-ын байрны үүдэнд дарга руугаа яаж дайрч байсныг хүмүүс мартаагүй. Гэсэн хэдий ч сонгогчид АН-д нийт 42 суудал хайрласан. Харамсалтай нь намын даргаа огцруулах хөдөлгөөн хамтарсан Засгийн газар байгуулсан цагаас хойш ямар нэг хэлбэрээр өрнөсөөр л байна. Говь-Алтай аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүний өндөр сэнтийд заларсан О.Амгаланбаатар АН-ыг хамтарсан Засгийн газраас гарахыг шаардаж, байн байн хатуу үг хаях болсон хүний нэг. Тэрбээр энэ эсэргүүцлээ бодит ажил хэрэг болгох сонирхолтой, бас даалгавартай байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Зарим хэвлэлүүд Лу.Гантөмөртэй дайн зарлагсдын цаана Х.Баттулга байгаа гэж шууд мэдээлж байна. Үнэн, худлыг нь удахгүй тус нам дотор өрнөх процесс харуулах биз ээ. Х.Баттулгын хувьд АН-ын толгойд гарах хүсэлтэй нь үнэн л дээ. Хамгийн гол нь АН хэзээ эв зүйдээ орох юм бол? Энэ л асуудал тус намын гишүүд дэмжигчдэд чухлаас чухал хүлээлт болоод байна.
Д.Лхагвадорж