Украин дахь дайныг зогсоохын тулд Энэтхэг улс Москва, Киевийн хооронд хэлэлцээ хийхэд зуучлахад бэлэн байгааг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дахин мэдэгджээ.
“Бид энх тайван, тогтвортой байдлыг ойрын үед сэргээхийг бүрэн дэмжиж байна” гэж тэрбээр Казань хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
“Асуудлыг тайван замаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж Н.Моди цохон тэмдэглээд, Энэтхэг улс нь хүмүүнлэгийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүх талтай холбоо харилцаатай байдаг тул “дайныг зогсоохын тулд цаашид бүх төрлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн В.Путинтэй цаашид харилцахдаа Украины асуудлаарх энхийн хэлэлцээтэй холбоотой сэдвийг гүнзгийрүүлэн хэлэлцэх бодолтой байгаагаа нэмж хэлсэн байна.
Оросын цэргүүдийн довтолгоо үргэлжилж, үүнтэй холбогдуулан Барууны орнууд хориг арга хэмжээ авч байгаа энэ үед Москва олон улсын улс төрийн тавцанд ганцаардаагүй гэдгийг харуулах зорилготой тул БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь Оросын удирдлагын хувьд чухал гэж ажиглагчид тэмдэглэж байна.
“Украин дахь мөргөлдөөн эхэлснээс хойш Энэтхэг улс Киевт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Оросын түрэмгийллийг шууд буруушаахаас зайлсхийсээр байна” гэж Франс -Пресс агентлаг мэдээлжээ.
Н.Моди өмнө нь энэ оны долоодугаар сард Москвад, наймдугаар сард Киевт айлчилсан юм. Эдгээр айлчлалын үеэр тэрбээр дайтагч талуудын хооронд хэлэлцээ хийхэд зуучлахыг санал болгож байсан юм.
ОХУ-ын Казань хотноо өчигдөр эхэлсэн БРИКС-ийн дээд хэмжээний гурван өдрийн уулзалт нь 2006 онд ОХУ-ын санаачилгаар тус байгууллагыг байгуулснаас хойших 16 дахь удаагийн уулзалт юм. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн таван орноос бүрдсэн тус холбоонд байгуулагдсан цагаас нь хойш 18 жилийн хугацаанд дахин дөрвөн улс бүрэн эрхт гишүүнээр элсжээ.
Энэ удаагийн уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш, мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид оролцоно. А.Гуттеришийн хувьд түүний Орост хийх айлчлал 2022 оны дөрөвдүгээр сараас хойших анхны айлчлал болно.
Дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС+ хэлбэрээр тус бүлгийг тэлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь эл байгууллагын эдийн засаг, улс төрийн ач холбогдлыг нэмэгдүүлэх болно. Шинжээчдийн дүгнэж байгаагаар, тусгаарлагдаад байгаа энэ үед Оросын эрх баригчид энэ байгууллагыг хориг арга хэмжээг тойрч гарах арга гэж үзэж байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.