Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаагийн 100 насны ойн баярыг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлийн түүхийг харуулсан “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт өнөөдөр боллоо.
Тэрбээр 1924 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг төрсөн бөгөөд Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй гэx алдар xүндийн эзэн болсон юм. 20 настайдаа “Цогт тайж” кинонд дүрээ мөнxөлсөн гэдгээрээ түүxэнд бичигдэx гавьяатай нэгэн бөгөөд 1956 онд “Манай аялгуу”, 1979 онд “Бушxүүгийн үлгэр” киноны дүрээр нь Монголын ард түмэн сайн мэднэ. Л.Цогзолмаа нь 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол xүртсэн юм.
Монголын сор бүсгүй байсан Л.Цогзолмааг “Цогт тайж” киноны төвөд гүнж Дулмаагийн дүрийг бүтээсэн юм. Дулмаа гүнжийн араас Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” хөгжимт драмын Гэрэлгоо, “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “Евгений Онегин”-ы Татьяана гээд сайхан бүсгүйчүүдийн дүрийг Бөмбөгөр ногоон театр, Төв театрын тайзнаа тоглож, дэглэжээ.
Түүний ууган охин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд “Нэг зууны хугацаанд ээж маань энэ зэрэгтэй уран бүтээлч болж амьдарч байгаа нь ээжийг минь тойрон хүрээлж байсан уран бүтээлчид, үзэгч түмний буян гэж бид боддог. Хүний хүрээлэл, хань ижил, үр хүүхэд тухайн хүний амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдгийг миний ээжийн амьдрал, уран бүтээлийн замнал харуулж байна. Таван хүүхдийг нь өсгөж байсан буурай маань, амьдралынх нь туршид хань нь болж байсан аав маань тэнгэрээс харж баярлаж байгаа. Бүгд нэгнийгээ хайрлаж хүндэлж чадах юм бол хэн ч гэсэн 100 нас хүрч чадна гэдгийг миний ээжийн амьдралын замнал харуулж байна” гэв.
Л.Цогзолмаа нь хоёр нийгмийн хугацаанд Монгол Улсыг 70 гаруй жил дэлхийд сурталчилж улсынхаа нүүр царай болсон. Түүнчлэн соёл урлагийн бодлогод өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн хүн юм гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа дирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан онцоллоо. Түүний 100 насны төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжилсэн юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.