Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэгч байгууллагаас өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаатарыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийв. Энэ холбооны дарга Д.Мөнхбаатар хийсэн мэдэгдэлдээ “Багш нарыг доромжилж, гутааж байгаа увайгүй ХҮН намын сайдаа огцруулахыг шаардаж байна. Боловсролын салбарын багш, ажилчид хоолны мөнгө ч үгүй ажилладаг. Унааны мөнгө гэж сард 11 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөөр хоёр удаа л такси барина. Ядаж өдрийн 2000 төгрөгөөр гэж тооцоод 44 мянган төгрөг өгчих л дөө. Өөрсдөө хулгайлах болохоороо хилээ нээж байгаад 44 их наядаар нь хулгайлчихдаг. Яагаад боловсролын салбарт олигтойхон хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бэ? Үндэстнийг мөхөөх, доройтуулах арга хэмжээг боловсролоор дамжуулан хийгээд байгаа юм биш биз гэж бид хардаж байна. Хувийн сургуулиудын төлөөлөл орчихоод өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг бий болгох гээд улайраад байгаа юм биш үү? Сайд П.Наранбаяр удмын таван үеэ танилцуулах хэрэгтэй. Монгол хүн мөн юм уу, биш юм уу? Багш нар ч энэ асуудлыг хөндөж байна. Шинэ сайдаа татаж авахгүй бол өндөг битгий хэл чулуугаар нүүлгэх хэрэг гарна шүү. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх Даваа гаригт жагсч, суулт зарлана. Өлсгөлөн зарлана. Удахгүй болох багш нарын баяраар ажил хаяна шүү” хэмээн шантаажлав.
Багш нар бол хамгийн ёс зүйтэй, өндөр ёс суртахуунтай хүмүүс байх учиртай. Гэтэл салбарын сайд руу чулуу шиднэ гэж олон нийтэд хандан хээв нэг зарлаад сууж байж болох уу? Өнөөдөр зодоон цохион хийж эрүүгийн хэрэг өдүүлдэг, хүний амнаас гарамгүй муухай үг хэлдэг, үе тэнгийн сурагчдаа дарамталж, дээрэлхдэг, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, ахмад хүнийг, багш нараа битгий хэл аав, ээжээ хүндэлдэггүй хүмүүжил, төлөвшилийн доголдолтой хүүхдүүд олон байна. Монголын ирээдүйг тэдэнд даатгана гэхэд хэцүү байна. Гэтэл багш нар нь Боловсролын салбарыг удирдаж байгаа хүнийг гарал үүслээр нь доромжилсон агуулгатай үг хэлж, ялгавралан гадуурхах хандлагыг илэрхийлэхээс гадна чулуу нүүлгэнэ гэж заналхийлж байгаа нь зөв үү? Ёс зүйд нийцэх үү? Өдрөөс өдөрт цэвдэгшиж, зэрлэгшиж байгаа нийгмийг засаж залруулах үүрэг багш нарт илүү оногдсоныг ойлгодоггүй хүмүүс боловсролын салбарт ажиллаж болох уу? Багш хүн бол хүн хүнээс илүү хүнлэг, эерүү зөөлөн, ухаалаг, хүлээцтэй, төлөв төвшин хүмүүс байх ёстой биз дээ? Ёстой л их мөрөн шиг дөлгөөн, эрдэм төгс байх ёстой юм. Цагтаа тийм байсан юмаа
Д.Лхагвадорж