Умард Солонгосын талаас өнөө өглөө харвасан хэд хэдэн баллистик пуужин Япон тэнгис дэх Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж таамаглаж байна. Нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл байхгүй гэж Японы Засгийн газар мэдэгджээ.
Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пуужингуудыг өглөөний 6:53, 7:23 цагийн орчимд харвасан бөгөөд Умард Солонгосын зүүн эргийн ойролцоо унасан байна.
Японы Батлан хамгаалахын сайд Минорү Кихара сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, тус улс Пёньянд эсэргүүцэл илэрхийлснийг дурдаад, пуужингийн туршилт нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн, огт хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэж мэдэгджээ. Умард Солонгос өнгөрсөн пүрэв гарагт мөн пуужин харвасан юм.
Япон, АНУ, Өмнөд Солонгосын талууд хамтран пуужингийн туулсан зай, нислэгийн өндрийг тогтоохоор ажиллаж байна гэж тус яамнаас мэдэгджээ.
Умард Солонгосын асуудал эрхэлсэн Япон, АНУ, Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнууд утсаар ярьж, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй уг үйлдлийг эрс зэмлэн буруушааж, нягт хамтран ажиллахаа дахин нотоллоо гэж Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
Энэ удаагийн туршилт ирэх 11 дүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, есдүгээр сарын 27-нд болох Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуулийн өмнө болж байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.