Нийслэлийн АН үндсэндээ Х.Баттулгын гарт орсон гэхэд болно. Энэ утгаараа түүний талын хүмүүс нийслэлийн ИТХ-ын сонгуульд олноороо нэр дэвшиж байгаа аж. Улмаар орон нутгийн сонгуульд нэлээд хүч хаяж хотыг гартаа оруулахаар эрмэлзлэж байгаа нь тодорхой боллоо.
Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын тэргүүлсэн нийслэлийн МАН орон нутгийн сонгуульд ногоон гэрлээр гарахад хэцүү болсон гэж улстөрийн хүрээнийхэн ярилцаж байна.
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр “Ардчилсан Намаас бөөн залуу Женкочид нэр дэвшиж байгаа. Болсон болоогүй энд, тэнд очиж лайв хийдэг бацаанууд байна. Үүнд мэргэжлийнхэн дуугарах хэрэгтэй. Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантайж хийдэг 20, 30 нөхрийг АН дэвшүүлсэн байсан. Тэдэнд та нар өгөөш болно шүү. Залуу Женкочид юу ч хийхгүй. Луйвар, шантайж, улс орны хөгжлийг хэрхэн хойш нь татах уу гэдэг бацаанууд нийлчихсэн НИТХ-д нэр дэвшиж байна. Би өнөөдрөөс эхэлж Женко руу хандаж өдөр бүр нэг мэдээлэл хийнэ. “Женко”-ийн хийсэн хулгай луйврыг цувралаар олон нийтэд мэдээлнэ. Хэдэн луйварчин бацааныг юм хийсэн хүмүүсийн өмнө турхирч тавьж байгаа бол мафын толгойлогч “Женко”-ийн 17 чингэлэг спиртээс хойших бүх цуврал хэргийг олон нийтэд сануулж, хууль хяналтын байгууллагад дуудуулах арга хэмжээ авна” хэмээн прокурор аятай мэдэгдэв. Үүнээс үзвэл ирэх 4 жилд эрх мэдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа Х.Нямбаатар нар шаггүй барьц алдаж байгаа бололтой.
Д.Лхагва