2024 оны эхний долоон сарын байдлаар нийт 178 хүн скүүтэр, цахилгаан дугуй, дугуй, мотоциклиос болж бэртэж гэмтсэн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулсан. Өөрөөр хэлбэл, гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтрээд байна гэсэн үг. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Учир нь нийслэлд дугуйн зам гэхээр орчин бараг байхгүй. Явган хүн, дугуй, цахилгаан дугуй, скүүтэр нэг замаар л явж байна. Үнэндээ тайван алхах боломж алга. Алхам тутамд эрсдэл бий болчихлоо!
Иргэд ч нөхцөл байдлыг шүүмжилж эхлээд байна. Тухайлбал, БЗД-ийн иргэн Балжмаа “Хоёр хоногийн өмнө Хүнсний 20 дугаар дэлгүүрийн уулзвараар зам гарах гэтэл цахилгаан дугуй унасан 6-7 өсвөр насны хүүхэд хар хурдаараа гараад ирсэн. Намайг золтой л мөргөөд унагачихсангүй. Тэдэнд хүн явж байгааг харах сөхөө алга. МУБИС-ийн урд талын явган хүний зам дээр скүүтэр унасан 20 орчим насны хоёр эрэгтэй хүүхэд 3-хан настай хүүг дайрч унагаачихаад хэнэг ч үгүй зугатаачихсан. Бас автомашингүй өдөр дугуй, скүүтэр, цахилгаан дугуй, мотоцикль унасан залуус явган хүмүүстэй зэргэцэж яваад осол гаргасан тохиолдол их гарсан. Зүүн 4 зам дээр муухай дуутай мотоцикль унасан банди хүүхэд мөргөчихөөд зугатаахыг харж л байгаа. Азаар цагдаа нар амжиж барьсан даа. Ийм хэрэг шөнө орой маш их гардаг нь ойлгомжтой. Хэчнээн олон хүн ойворгон сагсуу хүмүүсээс болж хохирч байгаа бол?” гэж бачимдан өгүүлсэн юм. Ийм жишээ дэндүү олон.
Хотын даргын зүгээс 18-аас доош насны хүүхдүүд цахилгаан мотортой дугуй унахыг хориглох саналыг салбарын яаманд хүргүүлсэн ч байдал шийдэгдэхгүй байна. Үнэндээ насандаа биш Улаанбаатарын орчинд турхайн тээврийн хэрэгсэл тохирохгүй байгаад л асуудлын гол учир нь байгаа юм. Насанд хүрсэн хүмүүс дугуйн замгүй газар скүүтэр, суррон, мотоцикль унаж яваад хүн бэртээхгүй гэж баталгаа байхгүй шүү дээ. Дандаа насанд хүрсэн хүмүүс жолооны үнэмлэх авч, машин жолоодож байгаад осол аваар гаргаад байгаа биз дээ? Иргэдийн, тэр тусмаа хүүхэд, хөгшидийн эрүүл мэнд, амь насны төлөө шийдвэртэй арга хэмжээ авая!
Д.Лхагва